Сергей Пугачев: Би улс төрчдөөс хэзээ ч тусламж хүсч байгаагүй
- 2015-02-13
- Дэлхий
- 0

Лондонд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Оросын Ерөнхийлөгч В.Путиний дотны андыг шүүх хурал болсон билээ. Энэхүү дуулиант шүүх хурлын эзэн бол Оросын тэрбумтан Сергей Пугачев байсан юм. Түүнийг барууныхан “Кремлийн банкир” гэж нэрлэдэг бол төрөлх оросууд нь “В.Путиний зугтсан найз” хэмээдэг. Лондоны Дээд шүүхэд дуудагдсан Оросын олигархи Сергей Пугачев гэж хэн бэ. Энэ эрхмийг 1990 онд халаасандаа сохор зоос үгүй байхдаа бизнест хөл тавьсан гэж “Форбс” сэтгүүлд бичжээ. Тэгвэл В.Путиний дотны анд хэрхэн тэрбумтан болов. Сергей Лондоны шүүхийн хаалгыг татах хүртлээ сонин, телевиз, радиод нэг ч удаа ярилцлага өгөөгүй аж. Харин уг шүүх хурлын“буянаар” Сергей анх удаа хувийн амьдрал, бизнесийн талаар“Форбс” сэтгүүлд “ам нээжээ”. Тэрбээр 1963 онд Ленинград хотод төрсөн ба 2011 оноос Лондонд амьдрах болсон байна. Түүний эцэг нь ЗХУ-ын Тээврийн яамны академид багшилдаг байжээ. Ингээд түүний хэвлэлд анх удаа өгсөн ярилцлагаас хөрвүүлэн хүргэе.
-Та хүүхэд насныхаа талаар эргэн дурсана уу?
-Тэр олон дурсамжийн алийг нь ярих вэ. Анх удаа хөдөлмөрлөж, мөнгөний үнэ цэнийг мэдэрснээ хуучлах уу. (инээв) Би Ленинградад тавдугаар ангийн сурагч байхдаа байрныхаа ах нартай нийлж наймаа хийсэн. Манай байшин Ленинградын төвд Василий островт байсан. Тэнд жуулчид их ирнэ. Нэг удаа Финландын жуулчдад шуудангийн марк доллараар зарсан юм. Тухайн үед ЗХУ-д наймаа хийхийг хориглодог байв. Тэр дундаа валютын худалдааг онцгой хориглоно. Гэтэл тавдугаар ангийн хүү доллараар худалдаа хийж, анх удаа орлого олж байсан юм даа.
-Нууц биш бол олсон доллараараа юунд зарцуулсан бэ?
-Хар зах дээр рублиэр солилуулсан.
-Таныг дунд сургуулиа орхиж тэнгисийн цэрэг болсон гэдэг?
-Би наймдугаар ангиа төгсөөд Ленинградын тэнгисийн цэргийн сургуульд элссэн ч төгсөөгүй. Иргэний үнэмлэхээ авах хүртэл цэргийн хүн болохыг хүсдэг байсан ч Приволгийн цэргийн тойрогт армийн алба хаасны дараа энэ бодлоо орхисон. Гэхдээ армид албаа нэр төртэй хааж, 1985 онд Ленинградад ирж бизнес хийх болсон.
-Ямар бизнес эрхэлж байв?
-Би Ленинградын анхны хувийн засварын компани байгуулсан. Тэр үед миний анхаарлыг банк татах болсон. Тухайн үед улс оронд өөрчлөн байгуулалтын ажил өрнөж, улсын банк иргэдэд тэр бүр зээл олгодоггүй байв. Мөн иргэд банкаас хадгаламжаа ч авч чадахгүй хүнд үе таарсан. Нэг үгээр хэлбэл, улсын банкинд итгэх иргэдийн итгэл алдарсан үе байлаа. Би 1991 онд Петербургт “Северный торговый банк”-ийг байгуулсан. Манай банк Петербургийн тойргийн иргэдэд эд зүйл барьцаалан зээл олгох, хадгаламжийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн.
-Та хэзээнээс Москвад үйл ажиллагаагаа явуулсан бэ?
-Банкныхаа салбарыг 1992 онд Москвад нээсэн. Тэр жилдээ“Северный торговый банк”-ны үндсэн хөрөнгөн дээр суурилсан “Межпромбанк” буюу “Олон улсын аж үйлдвэрийн банк”-ийг байгуулсан.
-Та тухайн үеийнхээ улс төрийн томчуудтай найз байсан шүү дээ. Бизнест тань тэдний нөлөө дэм болсон уу?
-Би1990-ээд онд Оросын төрийг удирдаж байсан Виктор Черномырдин, Олег Сосков, Александр Коржаков, Андрей Вавилов, Валентин Юмашев, Александр Лившиц, Виктор Геращенко нартай дотно найз байсан нь үнэн. Гэхдээ би тэднээс хэзээ ч тусламж хүсч байгаагүй. Бизнесээ би улстөрчдийн тусламжгүй өөрийн хүчээр босгосондоо бахархдаг. Бид билльярд тоглож нэгнийхээ зуслангийн байшинд зочилж, улс орны эдийн засгийн талаар ярилцдаг байсан.
-Оросын Ерөнхийлөгч Борис Ельциний гэр бүлтэй таныг дотно харилцаатай гэдэг. Одоогийн Ерөнхийлөгчтэй андын холбоотой. Таныг энэ холбоогоо ашиглаж эрх мэдэлд хүрсэн гэж ярьдаг?
-Ерөнхийлөгч агсан Ельцинтэй 1993 онд танилцсан. Би Борис Николаевичийг хүндэлдэг. 1996 оны Ерөнхийлөгчийн сонгуульд энэ хүний талд ажиллаж, ялалт байгуулахад их ч тусалсан даа. Тэргүүн хатагтай асан Наина манай банкинд хадгаламжтай байсан. Тэдний охид Татьяна Юмашева, Елена Окулава нар ч бидэнд итгэж бүх хөрөнгөө хадгалуулсан. Олны яриад байгаа шиг дотно холбоо одоо байхгүй. Харин Володя бид хоёр эртний найзууд. Ленинградынхан шүү дээ. Би1990 онд Санкт-Петербург хотын дарга Анатолий Собчактай танилцсан. Тэгэхэд В.Путин түүний орлогчоор ажиллаж байсан. Бид толгой дохих төдий л танилууд байв. Путин 1996 оноос Москвад ажиллах болж, бид өдөр бүр уулздаг найзууд болсон.
-Хэдэн онд улс төрд орж ирсэн бэ?
-Би 2000 оныг хүртэл банкны салбараас өөр зүйл бодож үзээгүй. Үнэндээ Володяг төрийн эрхэнд гарах хүртэл надад улс төрийн дотно холбоотон байгаагүй. В.Путин ч гэсэн Тимченко, Ковальчук гэсэн овгийг сонсоо ч үгүй үе. Надад ФСБ-ийн (Холбооны аюулгүй байдлын алба) зуслангийн газарт байшин хүртэл авч өгсөн анд минь Владимир Путин шүү дээ. Бид тийм л найзууд байсан. Харамсалтай нь В.Путин ОХУ-ын Төрийн тэргүүн болж бидний харилцаа хэцүүдсэн.
-Яагаад банкны салбарыг орхисон юм бэ?
-“Банкны салбар бизнес биш” болохыг ухаарсан. Яг л Ходорковский шиг. Тэгээд 2001 онд Тувагаас сенатораар сонгогдож, 2011 он хүртэл ажилласан.
-Английг зорих болсон шалтгаан тань юу байв?
-Хайр сэтгэл. Би Александратайгаа 2010 онд гэр бүл болсон. Эхнэр маань Их Британийн иргэн учраас би 2011 оноос Англид амьдарч байна. Бас гадаадын зах зээлд амжуулах ажил их шүү.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (1)
UoyRYqgv (46.161.9.32)
9BnNRU ispbrpazjano, [url=http://huwftumpiuun.com/]huwftumpiuun[/url], [link=http://rxynooarkllm.com/]rxynooarkllm[/link], http://eqnfyypyyxdt.com/