Украинд гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ

Украинд ням гаригаас эхлэн гал зогсоох тухай энхийн хэлэлцээр хэрэгжиж эхэлжээ. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор Украины Ерөнхийлөгч П.Порошенко ням гаригт шилжих шөнийн 00.00 цагт телевизээр үг хэлж, Донбасст гал зогсоох тухай тушаалыг мэдэгдсэн байна. Тэрбээр “Дэлхий даяараа амьсгал даран маргаашийг хүлээж байна. Бид нэг хацраа алгадуулсан тохиолдолд нөгөө хацраа өгөхгүй” гэжээ. П.Порошенко “Би энхийг хүсч байгаа тул Украины Зэвсэгт хүчин, Үндэсний гварди, Хил хамгаалах албанд хоёрдугаар сарын 00.00 цагаас эхлэн гал зогсоохыг тушааж байна” гэв. Үүнээс гадна тэрбээр Дебальцевогийн түшиц газар дахь салан тусгаарлагчдын үйлдэл энхийн үйл ажиллагаанд саад болж байгааг өгүүлжээ. Салан тусгаарлагчид Дебальцево өртөөний ойролцоо Украины 6000 орчим цэргийн албан хаагчийг бүсэлсэн тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлснийг Киевийн удирдлага хэдэн өдрийн турш үгүйсгэж байгаа аж. Үүнтэй зэрэгцээд Донецк, Луганскийн БНУ- ын босогчдын удирдлага зэвсэг хүчнийхээ ангиудад гал зогсоох тухай тушаал өгснөө мэдэгджээ Тэд Минскид байгуулсан гэрээг биелүүлж, хүнд зэвсэглэлээ фронтын галын шугамаас татах, олзны хүмүүсээ солилцох талаар төлөвлөгөө боловсруулж эхэлснээ мэдэгдсэн байна “Нормандын дөрвөл”-ийн 16 цаг үргэлжилсэн хэлэлцээрийн тэн хагаст нь Дебальцево өртөөний ойролцоо бүслэгдсэн цэргийн тухай сэдвийг хэлэлцсэн тухай мэдээлэл өмнө нь гарсан. “Нормандын дөрвөл”-ийн гишүүд салан тусгаарлагчид үнэхээр Украины хэдэн мянган цэргийг бүсэлсэн эсэхийг мэдэхийг зорьж байв. Дээр нь Киевийн удирдлага салан тусгаарлагчидтай шууд хэлэлцээр хийхээс татгалзсан нь үйл явцыг удаашруулсан байна. Үүний улмаас Донецк, Луганскийн БНУ, Европын аюлгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгч багтсан Харилцах хэсэгт Ерөнхийлөгч асан Л.Кучма Украиныг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан. Гэхдээ Украины тал одоо ямар нэгэн төрийн албан тушаал хашдаггүй Л.Кучмагийн статус ямар болох талаар лавлагаа шаардахад хариу өгөхгүй байсан нь хэлэлцээрийн үр дүнд итгэхгүй байх үндэслэл болж байв. 
 

“Их7” хатуу арга хэмжээ авна 
 

"Их7”-гийн удирдагчид Украинд гал зогсоох тухай гэрээ байгуулсан нь хямралыг энгийн замаар шийдэх боломж олгосон бөгөөд хэлэлцээрийн заалтыг зөрчсөн тохиолдолд зохих арга хэмжээ авна гэдгийг мэдэгджээ. Францын Ерөнхийлөгчийн албанаас тараасан “Их7”-гийн удирдагчдын хамтарсан мэдэгдэлд тэд Украины зүүн хэсэг дэх нөхцөл байдал, тухайлбал Дебальцево өртөөний ойролцоо болж буй тулаанд санаа зовсон хэвээр байгаагаа илэрхийлсэн байна. Мэдэгдэлд “Ирэх өдрүүдэд талууд гал зогсоох тухй хэлэлцээрт саад болох аливаа үйлдлээс татгалзах хэрэгтэй” гэжээ. АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч энэ тухай мэдээл хийхэд нь сэтгүүлч тодруулж, Украины тал хэлэлцээрийн заалтыг зөрчсөн тохиолдолд хориг арга хэмжээ авах эсэхийг асуусан байна. Харин Ж.Псаки “Украины тал хэлэлцээрийг зөрчихгүй нь тодорхой тул энэ талаар ярих шаардлага байхгүй” гэсэн хариу өгчээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)