Копенгагенд цуврал халдлага гарлаа
- 2015-02-16
- Дэлхий
- 0
Данийн нийслэл Копенгаген хотноо бямба гаригт хоёр халдлага гарч, хоёр хүний амь үрэгдэж, таван хүн шархаджээ. Эхний халдлага Копенгаген хотын “Krudttonden” кафед шог зураач Ларс Вилкс шашин болон хэвлэлийн эрх чөлөөний тухай сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх үеэр болсон байна. Халдлагын улмаас нэг хүн амь үрэгдэж, гурван цагдаа шархадсан аж. Шведийн шог зураач Ларс Вилксийг зөнч Мухаммедыг шоглон зурсных нь төлөө исламын хэт даврах үзэлтнүүд амь насанд нь халдахаар заналхийлж байж. Энэхүү халдлагаас нэг цагийн дараа тус кафегаас таван км зайд орших еврейн сүмд зэвсэгт этгээд гал нээж, дахин нэг хүний амь хөнөөж, цагдаагийн хоёр ажилтанг шархдуулжээ. Данийн цагдаагийнхан халдлагын дараа замууд дээр эргүүл гаргаж, алан хядагчдыг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Түүнчлэн Данитай хөрш зэргэлдээ орших Швед, Германы хилийн албад онцгой дэглэмд орж, тус улсаас ирж буй зорчигчдын автомашин, тээшинд нарийн үзлэг хийж эхэлсэн аж. Халдлагын тухай мэдээ гарсны дараа Европын зөвлөлийн дарга Дональд Туск “Энэ бол эрх чөлөөний үнэт зүйлсийн нэг болох үзэл бодлоо илэрхийлэх эрхийн эсрэг бурангуй террорист халдлага” хэмээн мэдэгджээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)