“Шарли Эбдо”-ийн шинэ дугаарыг 2.5 сая хувь хэвлэнэ
- 2015-02-25
- Дэлхий
- 0

Шог зургийн “Шарли Эбдо” сэтгүүлийн шинэ дугаарыг 2.5 сая хувь хэвлэхээр болсныг “Liberation” сонинд мэдээлжээ. Сонины редакцид болсон халдлагын дараа амьд гарсан сэтгүүлчид энэ сарын эхээр бүгд амарсны дараа ийн эргээд ажилдаа орсон байна. Сэтгүүлийн шинэ дугаарыг өнөөдөр худалдаанд гаргах бөгөөд эхний нүүрэнд амандаа “Шарли Эбдо” сэтгүүл зууж, хэдэн хүнээс зугтаж буй нохойны зураг тавьсан аж. Нохойг хөөгсдийн дунд Ромын пап Францискаас гадна Үндэсний фронтын тэргүүн Марин Ли Пенийг бульдог, тус улсын Ерөнхийлөгч асан Н.Саркозиг пудель, исламистуудыг амандаа Калашниковын автомат зуусан хар зүсмийн чоноор дүрсэлжээ. Хавтасны арын өнгө улаан ба “Дахиад л эхэллээ” гэсэн тайлбартай гэнэ. Өмнөх дугаарыг долоо сая хувь хэвлэсэн бол энэ удаад эрэлт бага байна хэмээн үзсэн аж. Халдлага гарахаас өмнө “Шарли Эбдо” сэтгүүлийг 60 мянган хувь хэвлэж, тэн хагасыг нь борлуулж чаддаг байж. Алан хядагч ах дүү Шериц болон Саид Куаши нар өнгөрсөн нэгдүгээр сарын 7-нд“Шарли Эбдо” сэтгүүлийн редакцид халдах үеэр цагдаагийн хоёр ажилтан, 10 сэтгүүлч амь насаа алдсан юм.
Д.Болд

Сэтгэгдэл (0)