Венесуэлийн хөрш орнууд хүнсний бүтээгдэхүүнээр тусална
- 2015-03-09
- Дэлхий
- 0
Өмнөд Америкийн орнуудын холбооны(ӨАОХ-UNASUR) гишүүн орнууд Венесуэлд олдоц нь ховордсон хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлэх талаар Ерөнхийлөгч Н.Мадуротой тохиролцжээ. Сүүлийн үед Венесуэлд өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол нүүрлэснээс ард иргэдийн тэмцэл ширүүссэн аж. ӨАОХ-ны нарийн бичгийн дарга Э.Сампер Венесуэлд Засгийн газрын эсрэг хөдөлгөөн зохион байгуулагчдын шүүмжилж, сөрөг хүчнийхэн дургүйцлээ ардчиллын дагуу, тайван замаар, хуулийн хүрээнд илэрхийлэх ёстойг өгүүлсэн байна. Ойрын өдрүүдэд ӨАОХ-ны сайд нар Венесуэлийн сөрөг хүчний төлөөлөгчид, тус улсын Засгийн газрын гишүүдтэй уулзаж, энэ онд болох бүх нийтийн сонгуулийг тайван нөхцөлд явуулах талаар баталгаа авахаар төлөвлөжээ. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Энрике Каприлес Ерөнхийлөгч Н.Мадуро энэ оны сүүлчээр болох сонгуулийг цуцалж болзошгүй гэдгийг“Франс-пресс” агентлагийн сэтгүүлчид өгүүлсэн байна. Тэрбээр“Засгийн газрын хувьд сонгуулийн өмнө дэмжлэг ийм багатай байж үзээгүй. Гэтэл одоо ийм нөхцөлтэй тулгарлаа. Тэд үүнийг шийдвэрлэхийн тулд тоглоомын дүрмийг өөрчилж байна” гэжээ. Харин Ерөнхийлөгч Н.Мадуро сонгуулийг товлосон хугацаанд нь зохион байгуулна гэдгээ хэлсэн байна. Саяхан тэрбээр АНУ-ын эрх баригчдыг Венесуэлийн Засгийн газрын эсрэг хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутгасан. Үүнээс гадна тэрбээр тус улсын томоохон бизнес эрхлэгчдийг Засгийн газрын нь шийдвэрийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа тухай мэдэгдсэн юм. Венесуэлд өнгөрсөн сард хэд хэдэн сүлжээ супермаркетын удирдлагыг зохиомол дараалал үүсгэсэн хэрэгт буруутган баривчилжээ. Н.Мадуро тэднийг дэлгүүрийнхээ кассын ажилтнуудын тоог цөөлж, дараалал үүсгэн олон нийтийн дургүйцлийг өдөөсөн хэмээн үзсэн. Харин шинжээчид үүнийг дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурснаас тус улсад эдийн засгийн хямрал гүнзгийрсэнтэй холбоотой ба кассын ажилтны тоог цөөлснөөс хүндрэл үүсээгүй гэж дүгнэсэн байна. Сөрөг хүчний удирдлагууд Венесуэлийн засгийн эрхийг сүүлийн16 жилийн турш барьж буй социалистууд эдийн засгийн хямралд хүргэсэн хэмээн буруутгадаг. Венесуэл нь газрын тосны экспортоор дэлхийд тэргүүлдэг 10 орны тоонд багтдаг юм. Мөн экспортынхоо орлогын 95 хувийг газрын тосноос бүрдүүлдэг ба сүүлийн үед инфляцийн төвшин 60 хувь давсан байна.
Д.Болд

Сэтгэгдэл (2)
АНХААР ДАА МОНГОЛЧУУДАА (202.72.245.194)
популист ерөнхийлөгч латинамерикын хамгийн баян орныг ийм ядуу болгожээ
Mgl (150.129.141.158)
Amerkiin esreg tomrood bdag eronxiilogchtei yls iim l bolj dee xoorxii ard tymen l xoxirox um