Хятадын Уйгарууд Сирид байлдаж эхэлжээ

Хятадын эрх баригчид тус улсын Шинжаан-Уйгарын өөртөө засах орноос гаралтай исламын шашинтай зарим иргэн Сирид очиж, “Исламын улс” бүлэглэлийн талд байлддаг болсныг Их Британийн “Дэйли Мэйл“-д өгүүлжээ. Үүнтэй холбоотойгор Пакистан, Афганистантай хил залгаа тус нутгийн удирдлага салан тусгаарлах үзэл бүхий алан хядах бүлэглэлүүдтэй хийх тэмцлээ улам чангатгана гэдгийг өгүүлжээ. Хятадын албаны эх сурвалжууд ямар нэг тодорхой тоо өгүүлэхээс татгалзсан байна. Гэвч тус улсын албаны байр суурийг мэдээлдэг “The Global Times” сонины өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дугаарт Хятадын 300 орчим иргэн Исламын улс”-ын талд байлдаж байгаа тухай бичсэн. Шинжаан дахь Хятадын Коммунист намын байгууллагын тэргүүн Жан Чуншиан мягмар гаригт ийн мэдэгджээ. “Гадаадад гарч Исламын улс”-тай нэгдсэн уйгарууд бий. Тус байгууллага олон улсын хэмжээнд маш их нөлөөтэй ба үр дагавар нь бидэнд тусч эхэлсэн болохоор Шинжаан энэ бүгдээс хол хөндий байх боломжгүй. Тэнд байлдаж байсан манай иргэдийн зарим нь эргэн ирж, алан хядах ажиллагаа зохион байгуулж эхэлснийг бид олж мэдсэн” гэжээ. Хятадын төв Засгийн газрын эсрэг тэмцэгч уйгар иргэд тус нутагт Зүүн Туркестан хэмээх тусгаар улс байгуулахыг зорьдог. Хамгийн сүүлд 2013 онд Бээжингийн Тяньэнмэний талбайд тэдний зохион байгуулсан халдлагад таван хүн амь насаа алдсан. Хятадын эрх баригчид тус бүс нутгийн иргэдийн шашин шүтлэг, уламжлалт ахуй амьдралын хэв маягт хязгаарлалт тавьж, хятад иргэдийг олноор суурьшуулж буйг уйгарууд шүүмжилдэг. Тухайлбал, нийслэл Урумчи хотноо эмэгтэй хүний царайг халхалсан уламжлалт хувцас өмсөхийг хориглосон аж. Цагтаа хаант Оросын эрх баригчид энэ бүс нутгийг өөрийн мэдэлд оруулахын тулд газар зүйч М.Пржевальский, Оросын армийн дэслэгч-генерал, хожим нь Финландын Ерөнхийлөгч болсон К.Маннергейм зэрэг олон хүнээр газар орон, зам харгуйг нь судлуулж, дайнд бэлтгэж байсан түүхтэй. Энэ бодлого Зөвлөлт засгийн үед үргэлжилсэн боловч эцэстээ энэ санаархлаасаа татгалзсан аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.194.32)

    2015-03-12

    Шинжаан 1934-1941 онд ЗХУ-ын татаасанд тулгуурласан “дагуул муж” байв. ЗХУ дайнд татагдан орсоноор тусламжаа зогсоожээ. Энэ нь Шинжааны иргэдийн амьдралд хүндээр тусчээ. Шинжааны захирагч Шэн Шицай ЗХУ-ыг дайнд ялагдах нь хэмээн үзэж, Шинжаанаас Зөвлөлтийн иргэд, геологчид болон Улаан Армийн анги, салбарыг гаргаж, Гоминданы засгийн газартай харилцаагаа сэргээсэн байна. Гоминданы дэмжлэгээр хан үндэстнийг суурьшуулах болж, хан биш үндэстнүүд бүгд “хятад үндэстэн” гэдэг Чан Кайшигийн онолыг хэрэгжүүлж, Хасаг, Уйгар, Киркиз үндэстэн гэж байхгүй хэмээн зарлав. Ийнхүү хан үндэстнүүд нутаг түрсээр байсан нь бусад үндэстнүүдтэй зөрчилдүүлэх үндэслэл болж байв. Зөвлөлтийн нөлөөг Шинжаанд хязгаарлахаар гоминданы тал АНУ, Британийн консулуудыг Өрөмчид 1943 онд суулгажээ. Сталинградын ялалтын дараа Шэн хоёр нүүр гарган Сталинд хандан харилцаагаа сэргээх санал тавьжээ. Гэвч Сталин нэгэнт шүдээ зуусан, Шинжаанд хан үндэстнийг эсэргүүцэгч хэн бүхнийг дэмжихэд бэлэн болсон байв. Шэн 1943 оны хавар хасаг иргэдийг Алтайгаас шилжүүлэн нүүлгэх шийдвэр гаргажээ. Хасаг иргэд Шэнгийн эсрэг, гоминдоны засаг захиргааны эсрэг ч хөдөлгөөн үүсгэж, партизаны ажиллагаа явуулж, хан үндэстний суурин газруудыг довтолж байв. Ийм нөхцөлд Осман 1943 оны 3 дугаар сард Чойбалсанд хамтран ажиллах санал тавьж, 1943 оны 6 дугаар сараас Осман БНМАУ-аас зөвлөх, цэргийн тусламж авсанаар Шэнгийн эсрэг илт хөдөлгөөн өрнүүлж чаджээ.