Сибирийн тулын нүүдлийн популяцийг судлав
- 2015-03-17
- Дэлхий
- 0

Ховор ан амьтан хамгаалах ажлыг үр дүнд хүргэхэд судалгаа чухал ач холбогдолтой байдаг. Чухамдаа судалгаанд үндэслэж тухайн амьтныг хэрхэн хамгаалах оновчтой аргыг боловсруулдаг билээ. Энэ зорилгоор Сибирийн тул загасны шилжилт хөдөлгөөн, популяцийн тоо толгой, тархцын судалгааг 2013 онд эхэлжээ. Улмаар жилийн өмнө 12 тул загасанд дохио дамжуулагч суулгаж, дохиолол хүлээн авах 24 станцыг Онон, Балж голд байршуулжээ. Судалгааг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын мэргэжилтнүүд, Германы байгаль хамгааллын Хелмхолц хүрээлэн буй орчны судалгааны төвийн судлаачид, Онон голын загасчдын клубийнхэн хамтран зохион байгуулжээ. Мэргэжилтнүүд станцуудыг өнгөрсөн намар эргүүлэн авсан бөгөөд цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж дуусчээ. Дохиоллыг загасанд мэс заслын аргаар суулгадаг байна. Станцын мэдээлэл, хугацаанаас үзвэл мэс заслын шарх нь богино хугацаанд эдгэсэн байв. Судлаачдын хэлснээр дохиолол суулгасан тул загаснууд дунджаар 70 сантиметр урттай бөгөөд өнгөрсөн хугацаанд ямар нэгэн эрсдэлгүйгээр станцын хажуугаар өнгөрч идэвхтэй амьдарч байжээ. Эдгээр тулаас нэг нь л Балж голоос Онон голд шилжилт хийсэн бол хоёр нь Ононгоос Балж голд шилжсэн аж. Шилжилт, хөдөлгөөн намрын улиралд эрчимтэй байсан бөгөөд 40 километрийн тойрогт нүүж байсныг судлаачид онцлов. Судалгааны ачаар тул загасны шилжилт хөдөлгөөний тухай чухал мэдээлэл цуглуулсандаа мэргэжилтнүүд сэтгэл хангалуун байгаа ажээ.

Сэтгэгдэл (0)