IKEA дэлгүүртээ нуугдаж тоглохыг хоригложээ
- 2015-03-18
- Дэлхий
- 0

IKEA компанийн удирдлага Нидерландын хэдэн арван мянган иргэнийг өөрийн сүлжээ дэлгүүртээ нуугдаж тоглохыг хориглосон тухай “Блүмберг”-ээс мэдээлжээ. “Ийм төрлийн арга хэмжээг хянахад их хэцүү. Бид дэлгүүртээ хүмүүс аюулгүй байна гэдэгт итгэлтэй байх ёстой. Гэтэл тэдний хаана байгааг мэдэхгүй бол үүнийг хангах аргагүй болно” хэмээн IKEA группийн хэвлэлийн төлөөлөгч Мартина Смедберг мэдэгдсэн байна. Нидерландад 63 мянган хүн IKEA-ийн дэлгүүрт нуугдаж тоглох тухай нийгмийн цахим сүлжээн дэх зарыг хүлээн авснаас 32 мянга нь Эйндховен хот дахь гипермаркетыг сонгосон аж.
Голландчууд өнгөрсөн онд бельгичүүдийн бөөнөөрөө нуугдах тоглоом зохион байгуулсан туршлагыг нутагтаа давтахыг хүсчээ. Бельгид уг тоглоомд нийт 500 орчим хүн оролцсон байна. Тухайн үед хүмүүс хөргөгч, хувцасны шүүгээ, дэлгүүрийн нэрийн цүнх, зөөлөн тоглоом, орон доор гээд санаанд оромгүй газруудад нуугдаж байж. IKEA-ийн гипермаркетууд нуугдаж тоглохыг дурлагсад төдийгүй өөр олон хүнийг өөртөө татдаг. Тухайлбал, өнгөрсөн оны намар Шанхай хотын оршин суугч 12 настай хүү математикийн гэрийн даалгавраа хийгээгүйгээс эцэг, эхээсээ эмээж, сүлжээ дэлгүүрт зургаа хоног нуугдсан аж. Хүү энэ хугацаанд супермаркетууд дахь амталгааны хоолоор голоо зогоож байснаас бие нь сульдаж, дэлгүүрийн үүдэнд зогсч байхад нь цагдаа нар эмнэлэгт хүргэжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)