Эм барсын тулаан
- 2015-03-20
- Дэлхий
- 0

Ронда Роуси vs. Кэт Зингано
АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо UFC 184 тэмцээний гол тулаанд Америк Улсын 28 настай тамирчин Ронда Роуси, нутаг нэгт 32 настай тамирчин Кэт Зинганотай “уулзаж” нэн хөнгөн (61 кг) жингийн аваргын цолоо хамгаалсан билээ. UFC 184 тэмцээний хамгийн чухал үйл явдал болсон энэ тулааныг бүр эхнээс нь авч үзье.
Зингано UFC дахь анхныхаа тэмцээнд 2013 оны дөрөвдүгээр сард оролцохдоо Ракел Пеннингтоныг боох мэхээр буулган авч байсан билээ. Дараахан нь түүнд аваргын цол горилох эрхийг өгсөн, ингэхдээ Зингано, Роуси хоёр The Ultimate Fighter (TUF) 18 реалити шоуны өрсөлдөгч багуудыг дасгалжуулж, шоу тэмцээн дууссаны дараа хоорондоо таарч нударга зөрүүлэх ёстой байв. Харамсалтай нь Зингано бэлтгэл дээрээ өвдөгнийхөө чагтан холбоосыг тасалснаар нэлээд хугацаанд спортоос хөндийрөхөд хүрсэн. Оронд нь TUF шоунд Миша Тэйт оролцож, аваргын цол горилж байсан түүхтэй. Гэвч энэ хүнд гэмтэл Зинганогийн хувьд ирээдүйд давж гарах болсон амьдралын шалгууртай нь харьцуулбал юу ч биш байсан юм. Тэрээр өвдгөндөө мэс засал хийлгэчихээд 2014 оны эхээр спорт замналаа үргэлжлүүлэхээр товлож байсан боловч нөхрийнх нь үхэл хамаг төлөвлөгөөг нурааж орхисон юм. Кэтийн нөхөр Маурисио Зингано бразил жюү-жицүгийн багш, дасгалжуулагч байсан бөгөөд, Кэтийг мэргэжлийн үүднээс бүх л талаар дэмжиж, тусалдаг гол түшиц тулгуур нь байв. Маурисио 2014.01.13-нд амиа егүүтгэн хорвоог орхиход Кэтэд ямар хүнд цохилт болсон нь төсөөлөхөд ч бэрх. Ямартаа ч мятрашгүй бүсгүй маань амьдралын энэ хэцүү давааг эрэлхгээр давж, хөлөө гүйцэд эдгээчхээд их спортдоо эргэн ирэх болов. Нийтдээ 17 сар завсарласны эцэст Зингано ноднин жилийн есдүгээр сард болсон UFC 178 тэмцээнээр эргэн ирэхдээ Бразилын тамирчин Амандаа Нуньесийг илт илүүрхэж, гуравдугаар үед техникийн нокаутаар буулган авснаар жингийнхээ шилдэг тулаанчийнхаа байр суурийг бататган тунхаглав. UFC-ийн удирдлагууд эмэгтэйчүүдийн нэн хөнгөн жинд аваргын цол горилох дараагийн тамирчин хэн байх вэ гэдэг асуултад толгойгоо гашилгах шаардлагагүй болов. Тэд даруй "Роуси - Зингано" тулааныг зарлаж, удалгүй сурталчилгааны ажлууд эхэлсэн.
2008 оны Бээжингийн Олимпын жудо бөхийн хүрэл медальт Ронда Роуси ч гэсэн энэ бүх хугацаанд зүгээр суусангүй. Тэрээр Миша Тэйт, Сара МакМанн, Алексис Дэвис нарыг дараалан ялж аваргынхаа байр суурийг улам бат бэх болгож, улмаар "Fighters Only" сэтгүүлээс гардуулдаг "Холимог тулааны шилдэг эмэгтэй тамирчин"-ны шагналыг гурав дахиа хүртчихээд байлаа. Үүнээс гадна тэрээр фото модель болон кино жүжигчний хувиар ч чамлахааргүй амжилт гаргаад байв. Нэгдүгээр сард "Sports Illustrated" сэтгүүлд усны хувцастай зургаа авхуулж, мөн "Ялагдашгүй баг 3", "Галзуу хурд 7", "Хүрээлэл" зэрэг кинонд бяцхан дүр бүтээж амжив. Ронда дөрвөн жилийн өмнө “Strikеforce” холбоонд ороод удаагүй байхдаа, "Би Жина Караногийн орон зайг эзэлж, ММА дахь эмэгтэйчүүдийн нүүр царайг төлөөлөхөд бэлэн байна" гэж ярьж байсныг эргэн санахад, энэ бүсгүй мэргэжлийн спортод ямар их амжилтад хүрсэн нь харагдана. Цаашид ч жинхэнэ од болохоор улам итгэл төгс алхалж байгааг нь харахад магтахгүй байхын аргагүй. Харин энэ удаад Роусигийн тулааны спортын шилдэг эмэгтэй тамирчин болох зорилтоо биелүүлэхэд нь Кэт Зингано хэмээх хэцүүхэн даваа хүлээж байв. ММА мэргэжилтнүүд Ронда урьд өмнө нь хэзээ ч ийм хэцүү өрсөлдөгчтэй нүүр тулж байгаагүй гэж дуу нэгтэй ярьж байв. Нээрээ ч АНУ-ын чөлөөт бөхийн дөрвөн удаагийн аварга, мэргэжлийн холимог тулааны дүрмээр 9 тулалдаж, бүгдэд нь ялалт байгуулчхаад байсан Зингано, Роусигийн хувьд хатуу сорил болох нь дамжиггүй байв.
Ингээд товлогдсон өдөр ирж, тэмцээний оргил үйл явдал болох гол тулаан эхлэхэд бүх юм бэлэн болов. Хоёр талаас карьертаа нэг ч ялагдаж үзээгүй жингийнхээ №1, №2 тамирчдын цол гуншин, нэр усыг зарлаж дууслаа. Дэвжээний шүүгч "Эхэл!" команд өгмөгц аваргын цол горилогч Зингано, аварга руу үсэрч өвдөглөв. Аварга довтолгооноос бултан тамирчид барьцалдаад авлаа. Кэт, Рондаг тэр дор нь мушгин унагаасан боловч партерт Ронда, Кэтийг эргүүлж дээр нь гарав. Кэт ашиггүй байрлалаас гарахаар барьц сэлгэв. Энэ агшныг Ронда овжноор ашиглаж тэр дор нь гарт өчиж орхив. Гар нь тохойгоороо үенийхээ эсрэг нугарч, энэ эвгүй байдлаас гарч чадахгүйгээ ойлгосон Зингано бууж өгөхийн дохио болгож өрсөлдөгчийнхөө хөлийг алгадав. Аварга хэмээн зүгээр ч нэг цоллуулаагүй юм шүү гэдгийг Ронда ердөө 14-хөн секундэд дэлхий нийтэд ийнхүү батлан харуулав. Тэрээр өмнөх тулаандаа Алексис Дэвисийг 16-н секундэд нокаутаар буулган авч байсан бол энэ удаад өөрийнхөө амжилтыг эвдэж 14-н секунд болгосон юм. Энэ бол аваргын цолны төлөөх тулаанд хамгийн богино хугацаанд ялалт байгуулсан шинэ рекорд юм!
ММА сонирхогчид олон нийтийн сүлжээнд энэ явдлыг өргөнөөр хэлэлцэж, Ронда Роусиг шагшин магтаж байлаа. Харин Кэт Зинганог сэтгэлийн хөдлөлөө барьж чадалгүй, хэт түргэдсэнд нь шүүмжилж байв. Зингано хэт бардсандаа өөртөө хамгийн хатуу шүүмжлэгч нь болсон байх. Тэмцээний дараах хэвлэлийн бага хурал дээр нэг л гундаж госойсон нь нүднээ илт байв. Тэрээр нэгэнт болоод өнгөрсөн тулааныхаа тухай сурвалжлагчдын асуултад эгээтэй л нулимсаа унагачихалгүй хариулж байв. Юутай ч тэрээр алдаан дээрээ ажиллаж, Роусигаас даага нэхэх болохоо мэдэгдсэн. Гэвч түүнд даага нэхэх боломж ойрын хугацаанд гарахгүй нь Дана Уайтын хэлсэн үгнээс мэдэгдсэн. Ронда киноны зураг авалтад оролцочихоод, дараа нь аваргын цолоо хамгаалахаар холбооныхоо удирдлагуудтай тохиролцсон юмсанж. Үнэхээр ч Рондагийн жинд байгаа тамирчдыг аваад үзвэл "хатны титэм"-ийг нь булаагаад авчихаар ээжийн охин харагдахгүй нь. Хамгийн аюултай гэгдэж байсан Кэт саяхан ялагдсан. Рондад хамгийн халтай байж болох Кристиане Жустино өөр холбоотой гэрээтэй бөгөөд гэрээ нь дуусах болоогүй. Тиймээс эмэгтэйчүүдийн нэн хөнгөн жинд гайхамшигтай тулаан гаргаж өөрийгөө Рондатай өрсөлдөхүйц чадвартай гэдгээ хэн нэгэн харуултал Рондад чөлөө олгосон гэж ойлгож болох юм.

Холли Холм - Ракел Пеннигтон
Мэргэжлийн бокс, ММА тэмцээнд main event, co-main event буюу гол тулаан, хоёр дахь тулаан гэж ойлголт байдаг. Энэ нь галт тэрэгтэй зүйрлэвэл тэмцээний "зүтгүүр" бөгөөд тухайн спорт арга хэмжээний дийлэнх сурталчилгаа уг хоёр тулаанд оролцох дөрвөн тамирчны эргэн тойронд хийгддэг билээ. UFC 184, гол хоёр тулаанд нь эмэгтэй тамирчид оролцсон UFC-ийн анхны тэмцээн гэдгээрээ онцлог болсон. Анх UFC 170 тэмцээнд "Ронда Роуси - Сара МакМанн" тулаан гол үйл явдал нь болж байсан бол хоёр жилийн дараа гэхэд эмэгтэйчүүд томоохон тэмцээний гол хоёр тулаанд хоёуланд нь оролцож байна гэдэг бол бүсгүйчүүд энэ спортод ямар түргэн хүч түрэн орж ирж байгааг харуулсан явдал болов. Гэтэл одоогоос ердөө хэдхэн жилийн өмнө л гэхэд Дана Уайт "UFC-т хэзээ ч эмэгтэй тамирчид тулалдахгүй" гэж итгэлтэй нь аргагүй мэдэгдэж байсан юм шүү дээ.

UFC 184-ийн хоёр дахь гол тулаанд нэн хөнгөн жингийн Америкийн шилдэг тамирчид болох Холли Холм, Ракел Пеннигтон нар нударга зөрүүлсэн билээ. 33 настай Холм их спортод хэдийнээ нэрээ дуурьсгаад амжчихсан байлаа, түүнийг мэргэжлийн боксын гурван өөр жинд 18 удаа дэлхийн аварга болсноор нь тулааны спорт сонирхогчид мэддэг. Тэрээр 2011 оноос холимог тулаанд орж, багагүй амжилтад хүрсэн юм нийт 7 тулалдахдаа бүгдэд нь ялалт байгуулж, ингэхдээ Legacy FC холбооны эмэгтэйчүүдийн нэн хөнгөн жингийн аварга болж амжсан байв. Холли Холмыг, Ронда Роусигийн шийрийг хатаах тамирчин гэж харах хүн цөөнгүй. Түүний хувьд “UFC”-ийн бүсний төлөө өрсөлдөх эрхийг олж авахын тулд шинэ холбоон дахь гараагаа амжилттай эхлүүлэх л чухал байлаа. Харин түүний зам дээр “TUF 18” реалити шоугаар олонд танигдсан Ракел Пеннингтон зогсож байв. 26 настай Пеннингтон өрсөлдөгч шигээ зартай биш хэдий ч “UFC”-д гурван ч тулаан хийж, хоёр ялж, нэг ялагдсан хувийн амжилт үзүүлээд байв. Ингэхдээ тэрээр сүүлийн тулаандаа Эшли Эванс-Смитийг боох мэхээр буулган авч, нэлээд туршлагажсан байгаа нь харагдаж байлаа.
Тулаан ерөнхийдөө олны таамаглаж байсанчлан босоо байрлалд өрнөсөн юм. Хурд, техникийн хувьд арай дутуу гэдгээ ойлгосон Пеннингтон, Холмыг торонд шахаж, байсхийгээд унагаах гэж оролдох боловч бүтэлгүйтсээр... Ракел байнга урагш давшиж, харин Холм гэнэт тэсэрч, хоёрдугаар номероор ажиллаж байлаа. Иймэрхүү байдалтай эхний хоёр үе өнгөрөв. Хэрвээ тулааны дүр зургийг өөртөө ашигтайгаар өөрчилж чадахгүй бол ялагдахад ойрхон байгааг нь Пеннингтонд засуулууд нь сайн хэлж ойлгуулсан бололтой. Тэрээр гуравдугаар үед илүү шаргуу, илүү давшингуй болов. Сүүлийн раундын хоёрдугаар хагаст бүр Холмыг хүнд цохилтод ч оруулж орхив. Гэвч Холм тэвдсэнгүй, бушуу хөл дээрээ босож ирээд раунд дуустал ажиллаж чадав. Холм идэвхи муу байсан болоод тэр үү, шүүгчдийн шийдвэр зөрөв. Хоёр шүүгч ялалтыг Холмд, гурав дахь нь Пеннингтонд заажээ. Ямартаа ч Холли Холмын UFC дебют амжилттай болов. Шүүгчдийн шийдвэр зөрсөн ч гэлээ уг тулаанд Холм ялсан нь ямар ч маргаангүй. Гэвч энэ ялалт түүнд аваргын цолны төлөө Ронда Роуситай тулалдах эрхийг өгөхөд хангалтгүй байгаа нь илт байсан. Тэмцээний дараах хэвлэлийн бага хурал дээр Холм өөрөө ч үүнтэй санал нийлж, өөрийнхөө хүссэн тоглолт гаргаж чадаагүй гэдгээ хэлсэн. Түүнд жингийнхээ аваргын цол горилох эрх олж авахын тулд багаар бодоход дахин нэг ялалт байгуулах хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр, энэ жинд үйл явдал хэрхэн өрнөж, хэн цойлж гарч ирэхийг харж суух л үлдээд байгаа юм.
Кристиане Жустино - Шармэйн Твит

Энэ үдэш болсон бас нэгэн том тулаан бол "Жустино - Твит" байлаа. Зөвхөн эмэгтэй тамирчдыг эгнээндээ багтаадаг Invicta FC холбоо 11 дэх тэмцээнээ Лос Анжелес хотноо зохион байгуулсан бөгөөд гол тулаанд нь Бразил Улсын 29 настай тамирчин Кристиане Жустино, хагас хөнгөн (66 кг) жингийн аваргын цолоо хамгаалж, Канад Улсын 37 настай ахмад тамирчин Шармэйн Твиттэй нударга зөрүүлсэн юм. Тус тулаанд Твит ялагдах нь хэнд ч ойлгомжтой байсан болов уу. Энэ нь Твит муу тамирчиндаа бус, Жустино дэндүү төгс тамирчин гэдэгтэй холбоотой юм. Тулаанд энэ таамаг зөв болох нь тодорхой харагдлаа. Твит “Киборг” хэмээх рингний нэртэй Жустиногийн эсрэг ердөө 46 секунд тэсэв. Тулаан эхэлмэгц Киборг довтолж, баруун гарын цохилтоор Шармэйныг хүнд цохилтод оруулав. Жустино тулааныг тэр дор нь дуусгахаар газар унасан Твитийн дээрээс угсруулан цохиж гарав. Гэвч Канадын тулаанч бүсгүй санасныг бодвол сайн хамгаалж байв. Дэвжээний шүүгч Твитэд босох боломж өгч тулааныг босоогоос дахин эхлүүлэв. Жустино шахсаар өрсөлдөгчөө торонд хашин гэдсэнд нь зүүн, баруун гараар холбож цохиход шүүгч Херб Дин тулааныг зогсоож орхив. ММА хүрээнд Жустино бол Ронда Роусиг буулган авах чадалтай цорын ганц тамирчин гэж үздэг хүн олон бий. Invicta FC холбооны тэргүүн Шэннон Наппын мэдэгдсэнээр, Кристиане Жустино одоо гэрээгээр нэг тулаан хийх үлдсэн. Долоодугаар сард сүүлийн тулаанаа хийснийхээ дараа өөр холбоо, тэр дундаа UFC-тэй гэрээ хийх боломжтой болно гэсэн үг. Гэвч ирэх тулаан нь ямар жинд болох, өрсөлдөгч нь хэн байх талаар ямар нэг зүйл хэлсэнгүй. Мөрөөдлийн гэгдэх болсон "Роуси - Жустино" тулааныг зохион байгуулахад хамгийн их саад болж байгаа зүйл бол жингийн асуудал билээ. Роуси 61 кг-ын аварга бол Жустино 66 кг-ын аварга. Жустино энгийн үедээ 80 кг хүрдэг бөгөөд түүнд 61 кг хүртэл жингээ хасах нь маш хэцүү. Ингэж ихээр жин хасах эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж болох талтай учраас Киборг, Роуситай завсрын жинд тулалдахыг санал болгож байсан. Гэвч Роуси өөрөө ч тэр, Дана Уайт ч тэр энэ саналыг хүлээн аваагүй. Ядаж байхад UFC-т эмэгтэйчүүдийн 66 кг-ын ангилал одоогоор нээгдээгүй байгаа нь тун тоогүй. Тиймээс Жустино UFC-тэй гэрээлбэл түүний хувьд бараг боломжгүй зүйл болох 61 кг-ын жинд өрсөлдөх болчихоод байгаа юм. Тэгэхээр бид Жустиног UFC-т харах эсэх нь түүний биеийн байдлаас хамаарах бөгөөд хэрвээ жиндээ орж чадвал хамгийн наанадаа л гэхэд энэ оны сүүл хүртэл хүлээх болоод байна.
Ү.ГЭРСЭНЗ
Эх сурвалж: “ТОЙМ” сэтгүүл


Сэтгэгдэл (0)