Цаазын ялтай эмэгтэйг Парисын хүндэт иргэн болгожээ
- 2015-03-20
- Дэлхий
- 0
Парис хотын зөвлөл Пакистаны иргэн Асия Биби хэмээх эмэгтэй тус хотын хүндэт иргэнээр сонгожээ. Эмэгтэй Аллахыг гутаан доромжилсон гэх үндэслэлээр эх орондоо цаазаар авах ял авсан аж. Парис хотын мээр Анн Идальго энэ эмэгтэйг хүндэт иргэнд нэр дэвшүүлэхдээ“Энэхүү хүчирхэг алхамаараа бид Парис хот дэлхий даяар шашны бурангуй ёс, улстөрийн хэт даврах үзлийн золиос болж буй олон янзын шашны төлөөлөл болох эмэгтэйчүүдтэй эв санааны нэгдэлтэй гэдгээ илтгэхийг хүсч байна” гэжээ. Түүний саналыг хотын зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр баталсан байна. Христийн шашин шүтдэг Асия Биби таван хүүхэдтэй ба түүнийг 2010 оноос хойш хорьж байжээ. Парисын хүндэт иргэн цолыг 2001 оноос олгож эхэлснээс хойш 14 хүн уг цолыг авчээ. Үүнд: XIV Далай лам, Н.Мандела, Оросын нисэх онгоцны зохион бүтээгч А.Туполев, хувцасны загвар зохион бүтээгч В.Зайцев нар багтаж байжээ. Харин өнгөрсөн нэгдүгээр сард дүрмээсээ гажиж, хуулийн этгээдийг сонгосон нь редакцийн бүрэлдэхүүн нь алан хядагчдын гарт амь насаа алдсан долоо хоног тутмын “Шарли Эбдо” сонин байв.
Д.Болд

Сэтгэгдэл (0)