Аргентинд нацистуудын хоргодох байрыг илрүүлэв
- 2015-03-24
- Дэлхий
- 0
Аргентины археологичид тус улсын зүүн хойд хэсэгт, Экваторын бүсэд орших ширэнгэн ойгоос нацистуудад зориулсан нууц хоргодох байр байсан цогцолбор илрүүлснийг “Clarнn” хэмээх орон нутгийн сонинд мэдээлжээ. Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдах нь тодорхой болсны дараа нацист Германы дээд удирдлагыг эдгээр барилгад орогнуулахаар төлөвлөж байсан бололтой. Аргентины Мисьонес мужийн нутагт орших “Тейю Куаре” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд илрүүлсэн гурван чулуун барилгын нэг нь хүн амьдрах, хоёр дах нь хүнс хадгалах, гурав дахь нь ажиглалтын цэгийн үүрэг гүйцэтгэх ёстой байжээ. Археологичид барилга дотроос герман шаазан, 1940-өөд оны үеийн зооснууд олсон аж. Аргентины судлаачид эдгээр байрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэжээ. Дайны дараа нацист Германд томоохон албан тушаал хашиж байсан 5000 гаруй хүн Аргентинд дүрвэн гарч, томоохон хотуудад ямар нэг зүйлээс айж эмээлгүйгээр ил амьдарч байсан юм. Тухайлбал, гестапын ажилтан Адольф Эйхман Аргентинд ил тод амьдарч байв. Түүний шууд удирдлага дор хаяж дөрвөн сая еврей хүнийг бөөнөөр хорих лагеруудад устгажээ. Адольф Эйхманыг Израилийн Моссад тагнуулын албаныхан мөшгин илрүүлснийхээ дараа хулгайлан эх орондоо хүргэж, шүүхэд шилжүүлсэн түүхтэй.

Сэтгэгдэл (0)