Оросын шатдаг хий Грект найдвар төрүүлэв
- 2015-04-10
- Дэлхий
- 0

Грекийн Ерөнхий сайд А.Ципрас ОХУ-д анхныхаа айлчлалыг хийлээ. Хоёр өдөр үргэлжилсэн уг айлчлалын үеэр тэрбээр Ерөнхийлөгч В.Путин, Засгийн газрын тэргүүн Д.Медведев, Төрийн Думын дарга Д.Нарышкин болон Үнэн алдартны шашны тэргүүн хамба Кирилл нартай уулзсан байна. А.Ципрас Оросоос санхүүгийн тусламж аваагүйгээс гадна Европын холбооны эсрэг тавьсан хориг арга хэмжээнд өртөж ихээхэн хохирол амссан Грекийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд ямар нэг хөнгөлөлт үзүүлсэнгүй. Гэсэн хэдий ч Грекийн Ерөнхий сайд Оросын Төрийн тэргүүнтэй уулзсаныхаа дараа нэлээд сэтгэл хангалуун харагджээ. Грекийн Эрчим хүчний сайд, Гадаад хэргийн сайд, Хөдөө аж ахуйн сайд болон парламентын тэргүүн зэрэг албан тушаалтнууд өнгөрсөн хоёр сар хүрэхгүй хугацаанд ОХУ-д айлчилсан нь хоёр тал харилцаагаа өргөжүүлэх сонирхолтой байгааг илтгэсэн юм. Үүний дараа А.Ципрас Москвад айлчлахаар болсон нь Европын холбооны эрх баригчдын сэтгэлийг зовоож, уг айлчлалын талаар янз бүрийн таамаг дэвшүүлж байв. Тухайлбал, Европын парламентын тэргүүн Мартин Шульц Оросын талаарх Европын холбооны ерөнхий чиг бодлогоос хазайж болохгүйг Грекийн Засгийн газрын тэргүүнд сануулсан бол Австрийн Сангийн сайд Йорг Шеллинг Грек улс хүнсний бүтээгдэхүүнд нь тавьсан хоригийн талаар бие даан Оростой тохиролцох эрхгүй гэдгийг мэдэгдсэн байна. В.Путин, А.Ципрас нар Туркийн нутгаар дайрах хоолойгоор Оросын шатдаг хийг Грекийн нутгаар дамжуулан Европт нийлүүлэх тухай асуудлыг хэлэлцжээ. Оросын Ерөнхийлөгч энэ төсөл хэрэгжсэн тохиолдолд Грекийн талын нэр нөлөө өсч, жил бүр транзит тээврийн төлбөрөөс хэдэн зуун сая еврогийн орлого олно гэдгийг онцолсон байна. “Өмнөд урсгал” хийн хоолойн оронд хэрэгжүүлэхээр болсон энэхүү шинэ төслийн дагуу жилдээ нийт63 тэрбум шоо метр шатдаг хийг Турк, Грекийн хилийн бүсэд нийлүүлэх аж. Үүнээс Турк 13, Грек2-3 тэрбум шоо метрийг нь дотооддоо хэрэглэж, үлдсэнийг нь Европын бусад оронд нийлүүлэхээр төлөвлөжээ. Хоёр тал Грект2016 оныг Оросын жил харин Орост Грекийн жил болгон тэмдэглэхээр тохиролцож, Ялалтын70 жилийн ойн тухай хамтарсан мэдэгдэл гаргасан байна.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
bbbbbb (203.194.118.67)
bolgariin umheh shar tos b.san yum