Пулитцерийн эзэд тодорлоо
- 2015-04-22
- Дэлхий
- 0
АНУ-ын Нью-Йорк хотноо уран зохиол, сэтгүүл зүй, хөгжим, театрын салбарт нэр хүндтэй Пулитцерийн шагналын эздийг тодрууллаа. Энэ жил Пулитцерийн шагналыг нийтдээ сэтгүүлзүйн 14, уран сайхны долоон бүтээлийн эздэд гардуулна. Үүнээс сэтгүүл зүйн салбарын “Нийгэмд үйлчлэгч” хэмээх шагналыг “АНУ-ын Чарлстон хотын “The Post and Courier” сонинд олгохоор болжээ. Сонины хамт олон Өмнөд Каролина муж яагаад эмэгтэйчүүдийн нас баралтын үзүүлэлтээр АНУ-д тэргүүлдэг, үүний шалтгаантай хэрхэн тэмцэх арга замыг судалж, олон нийтэд танилцуулсан аж. “Шилдэг шуурхай сурвалжлага” шагналыг “The Seattle Times” сонины сурвалжлагчдад 43 хүний амь насанд хүрсэн хөрсний нуралтын тухай цуврал сурвалжлага бэлтгэснийх нь төлөө олгоно. Энэ оны“Шилдэг олон улсын сурвалжлага” шагналыг“New York Times” сонины хамт олонд Эбола вирусийн тархалтыг эр зориг гарган газар дээрээс нь сурвалжилж, тус улсын эрх баригчдыг энэ талаар арга хэмжээ авахад хүргэж ажилласных нь төлөө өгсөн байна. “Шуурхай гэрэл зураг” шагналыг St.Louis Post-Dispatch сонины гэрэл зургийн хэлтэс Фергюсон хотын иргэд, цагдаа нарын зөрчлийг харуулсан зургуудаараа авсан. Мөн“New York Times” сонины гэрэл зурагчин Маурисио Лима, Сергей Пономарев, Уриэль Синай нар энэ ангиллын шагналын эзэн болсон байна. Тэд Украин дахь зөрчилдөөн, эрх мэдлийн төлөөх тэмцэл жирийн хүмүүсийн амьдралыг хэрхэн үгүй хийж буйг харуулсныг уралдаан зохион байгуулагчид үнэлжээ. Ийн“New York Times” сонин сэтгүүл зүйн салбартаа гурван шагналын эзнээр тодорчээ. Хөгмийн салбарын шагналын эзнээр“Антрацитийн хөндий” бүтээлээр Жулия Вулф тодорсон байна. Харин уран зохиолын шилдэг бүтээлээр Энтони Доррын “Бидэнд үл үзэгдэх гэрэл” зохиолыг тодруулсан аж. Театрын салбарын шагналыг найруулагч Стивен Адли Гиржис “Риверсайд, Крейзи хоёрын дунд” хэмээх бүтээлээр авчээ. АНУ-ын сэтгүүл зүйн салбарын нь хамгийн нэр хүнд бүхий Пулитцерийн шагналыг 1917 оноос олгож эхэлжээ. Шагналыг 10 мянган ам.доллар дагалддаг юм. Шагнал гардуулах ёслол Нью-Йоркийн Колумбын их сургуульд жил бүрийн тавдугаар сарын эхний ням гаригт болдог. Шагналыг сэтгүүлч, хэвлэлийн магнат Жозеф Пулитцер анх 1903 онд санаачлан бий болгосон аж.

Сэтгэгдэл (0)