Марин Ли Пен: Би францын иргэдийн эрх ашгийг хамгаалдаг

 

Францын Үндэсний фронт намын тэргүүн Марин Ли Пен Америкийн “CNBC” сувагт өгсөн ярилцлагаас товчлон хүргэж байна. 
 

-Еврогийн бүсээс гарах боломж хэр байдаг вэ. Франц улс еврогийн бүсээс гарсан тохиолдолд олон улсын бондын зах зээл үүнийг хэрхэн хүлээн авах бол?
 

 -Еврогийн бүсэд орсноос хойш 15 жилийн хугацаанд ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж, аж үйлдвэрээ үгүй хийсэн. Олон улсын хэмжээнд шударга бус өрсөлдөөн гаарч, Франц улс өрсөлдөх чадвараа алдаад буй өнөөгийн нөхцөлд бид цаашид ч гэсэн еврогийн бүсэд орших нь бодитой сонголт гэж та үзэж байна уу. Миний бодлоор санхүүгийн зах зээлийнхэн зөвхөн өөрсдийн эрх ашгийг боддог. Харин би жирийн ард иргэдийн эрх ашгийг хамгаалж, цаашилбал улс орон маань хэвийн ажиллаж, эдийн засаг нь өсч, ажлын байр, баялаг бий болгож байхыг анхаарна. Энэ бол Франц улс авсан зээлээ эргүүлэн төлнө гэдгийн хамгийн сайн баталгаа болно. 
 

-Франц улс цаашид бондын зах зээлээс мөнгө босгох боломжтой хэвээр гэж та боддог уу? 
 

-Бид эдийн засгийн тусгаар тогтнолоо хадгалах алсын хараагаа сэргээх шаардлагатай Цаашлаад энэ байр сууринаас Францын Төвбанкийг давуу эрхтэйгээр шинээр байгуулах шаардлагатай. Олон нийтийн салбар олон нийтийн салбараа, хувийн өмчийн салбар хувийн салбараа санхүүжүүлэх шаардлагатай. Өмнө нь 1970-аад он хүртэл ийм л байсан. 
 

-Грек улс Европын холбоотой хэлэлцээр хийх сонирхолгүйг нь харгалзвал тус улс еврогийн бүсээс гарвал гишүүн орнуудын эрх ашигт нийцэх биш үү? 
 

-Грек улс еврогийн бүсээс гарахгүй хэмээн мэдэгдсэнээрээ биелүүлж чадахгүй амлалт өгч байх шиг санагддаг. Үүний гол шалтгаан нь евро, хэмнэлтийн бодлого хоёр салшгүй холбоотой байгаад оршино. Энэ хоёрыг цугт нь сонгох нэг бол аль алинаас нь татгалзах гэсэн хоёр л сонголт бий. Европын холбоо үнэн царайгаа харуулж байгаа нь илт байна. Еврогийн үнэн бодит төрх бол дарангуйлал юм. Сонгуулийн үеэр Грекийн ард түмний илэрхийлсэн хүсэл эрмэлзлийг шоглож, тэдний хүсээгүй хэмнэлтийн бодлогыг тулгаж байна. Үүний хүрээнд аль нь ялах уу гэдэг сонголт үлдэнэ. Ардчилал уу дарангуйлал уу. Грекийн Засгийн газар хариуцлагаа үүрч, сонголтоо хийх хэрэгтэй. 
 

-Бизнесийн хүрээнийхний дунд Франц улс өөрийн бүтээсэн хөөсөн дотроо тусгаарлагдмал амьдардаг гэх байр суурь түгээмэл байдаг. Таны баримтлах бодлогын нэг нь илүү протекционист шинж чанартай байна. Ингэснээр Франц улсыг уг хөөсөнд нь улам гүн умбуулна гэж бодохгүй байна уу? 
 

-Дэлхийн улс орнуудын 95 хувь нь протекционист буюу буруу бодлого явуулж, харин бид зөв явж байхад хэт либерал бодлого, чөлөөт худалдааг дэмжсэний үр дүнд эдийн засаг сүйрсэн нь гайхалтай. Бид өөрийн гэсэн үйлдвэрлэлгүй болсон. Өнгөрсөн олон арван жилийн хугацаанд ажилгүйдлийн төвшин ийм өндөр байгаагүй. Залуус ажилтай болох итгэл найдвараа алдсанаас цагаачилж байна. Эдийн засгийн салбарууд шил даран уналтад орлоо. Оёдол, нэхмэл, гутал, үнэт эдлэл, цагны зэрэг дотоодын бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл үгүй болсон. Чөлөөт худалдаа юунд хүргэдгийг бид харлаа. Энэ бол гамшиг. Ухаалаг протекционист бодлого хэрэгтэй. Канад, АНУ яг ийм бодлого явуулж байна. Бразиль, Хятад мөн адил. 
 

-Ерөнхийлөгч Ф.Олланд таны эдийн засгийн хөтөлбөрийг 1970-аад оны үеийн коммунист намын сурталчилгааны хуудас мэт ойлгодог? 


-Ийм үг яриа нь Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчид огт тохирохгүй. Манай хөтөлбөр коммунист намынхаас тэс ондоо. Дээр нь тус нам бол олон улсын шинж чанартайгаас гадна тэд аливаа улс үндэстэнг өрсөлдөгчөө хэмээн тооцож, хил хязгаар огт байхгүй ёсгүй гэж үздэг. Харин манай намын арга барил үүнээс эрс ялгаатай. Бид эдийн засаг, улс үндэстний эх оронч үзлийн төлөө байдаг. Энэ нь хилийн хяналт, өөрийн эдийн засаг, ухаалаг протекционист бодлогын төлөө гэсэн үг. 
 

-Саяхан та В.Путинийг Европын орнуудын түнш байх ёстойгоос гадна түүнтэй ижил үнэт зүйлстэй гэдгээ мэдэгдсэн. Тэгэхлээр та Орос улс Крымыг өөртөө нэгтгэснийг дэмжиж байна уу? 
 

-Крымыг эзэлсэн нь Европын холбооны гаргасан алдааны шууд үр дагавар гэж боддог. Европын холбоо Крымд хямрал бий болоход хувь нэмрээ оруулсан. Европын холбоо зэвсгийн хүчээр төрийн эргэлт хийснийг хүлээн зөвшөөрөхөд оролцсоноор Крымын оршин суугчдыг Оростой эргэн нэгдэх сонголт хийх боломж олгосон. Учир нь Крымын хойг Оросынх гэдгийг хүн бүхэн мэднэ. Хэн ч ү үнийг өөрөөр харах ёсгүй. Европын холбоо Крымын хувьд алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөөгүй. Харин одоо нэмж алдаа гаргахаасаа өмнө энхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөх цаг нь ирсэн. 
 

-Европ В.Путиний хувьд хатуу байр суурь баримталж байгаа энэ цаг үед та Оросын банкнаас (Орос, Чехийн хамтарсан банк) 9.5 сая еврогийн зээл авсан нь хэр зохимжтой гэж та боддог вэ? 
 

-Нэгдүгээрт, энэ бол Европын холбоо болохоос Европ тив биш. Та ажиглаагүй бол би Европын холбоог эрс эсэргүүцдэг нэгэн. Тиймээс Францын эрх ашгийн эсрэг тэдний хийсэн сонголт надад хамаагүй. Дээр нь Франц болон Европын бусад орны аль нэг банк зээл олгохоос татгалзсан нь нааштай хариу өгсөн банкнаас зээл авахад хүргэсэн. Хэрэв та надад зээл өгөхөд бэлэн банк мэдэж байвал тэдэнтэй маргааш ч гэсэн гэрээ байгуулахад бэлэн байна. 
 

-“Шарли Эбдо”-той холбоотой халдлага радикал үзэл хэр аймшигтай үр дагавартай болохыг харуулсан. Энэ нь Франц орон хямарч буйн шинж үү. Эсвэл Исламын шашинтай холбоотой арай өргөн цар хүрээтэй хямрал уу? 

 

-Энэ бол аль нэг нь биш, харин аль алиных нэгдэл. Бодит амьдрал дээр Исламын шашинд фундаменталист үзэл газар авч, үүнийг хянаж барьж чадахгүй байна. Дээр нь Европын орнууд нутагт нь фундаменталист үзэлтэй сүлжээ байгууллагууд өргөжиж буйг хянаж чадахгүй болсон. Бид өөртөө ногдсон хариуцлагаа үүрч, ард иргэдээ фундаменталист үзэлтнүүдээс хамгаалах ёстой. Гэтэл интернэтэд stopjihad- ism.gov.fr сайт нээсэн зэрэг зарим нэг үйл ажиллагааг эс тооцвол нэн ялангуяа Францад ямар нэг ажил хийгээгүй. 
 

-Сүүлийн үед Умард Африкаас хэдэн зуун мянган хүн зугтаж, Европ тивд ирэх болсон. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ? 
 

-Энэ бол Ливийн нөхцөл байдлыг тогтворгүй болгосонтой шууд холбоотой гэдэг нь илэрхий. Үүнд Николь Саркози, Их Британи, АНУ-ын эрх баригчид буруутай. Энэ бүхэн тус улсыг исламын фундаменталистууд эзэлж, босогчдын хооронд эцэс төгсгөлгүй дайн тулаан хийхэд хүргэнэ гэдгийг би хэлж байсан. Дээр нь хүний наймаачид ядуусын зовлонгоор асар их орлого олж, хүмүүсийг салж унах нь дөхсөн завинд суулган тэнгист гаргадгаас үхэлд хүргэх нь элбэг болсон. 
 

-Хилээ хаах нь үүнийг шийдвэрлэх цорын ганц арга гэж үү?

 

-Энэ бол цорын ганц арга биш боловч зайлшгүй шийдэл. Бид Европ тивийн эрэгт завиар ирэгсдийг хүлээн авснаар манай тивийг зорих хэдэн зуун мянган хүний урсгал бий болгоно. Энэ нөхцөлд тэдгээр хөлгийг зогсоож, боомтод нь буцаахын зэрэгцээ тэдэнд цагаачлах сонирхол төрүүлэхгүй байх бодлого явуулах ёстой. Энэ нь нийгмийн халамжийн багц, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үнэгүй олгох зэрэг тогтолцоог үгүй хийнэ гэсэн үг. Дээр нь манайд олон тооны ядуу иргэн байдаг ба тэдний нйигмийн асуудлыг шийдвэрлэхэд хүртэл бидний хүч боломж хүрэлцэхгүй байна. 
 

-Энэ бүх бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд тухайн улс оронд нь нөхцөл байдлыг тогтворжуулах арга зам бий? 
 

-Европын улстөрчдөөс би ганцаараа “Та бүхэн том алдаа гаргаж байна. Бид өөрсдөө нөхцөл байдлыг нь хянах боломжгүй хэрнээ бүхэл бүтэн бүс нутагт тогтворгүй байдал бий болгож байна” гэж хэлдэг байсан. Бид тэдгээр орныг тогтворгүй болгосон болохоор тэдэнд ямар ч байсан туслах ёстой. Гэвч одоо эрх барьж буй хүчнийг харгалзан үзвэл энэ бүхэн боломжгүй. Иймд манай удирдагчдын гаргасан алдааны төлөөсийг бид цаашид ч гэсэн үүрч, энэ бол зөвхөн эхлэл нь гэж бодох хэрэгтэй. 
 

-Та арьс өнгөний үзэлтэн үү? 
 

-Надад арьс өнгөөр ялгаварлах үзэл өчүүхэн ч байхгүй. Би хүмүүсийг арьсны өнгө, угсаа гарал юмуу шашин шүтлэгийн нь хувьд үнэлдэггүй. Би франц иргэдийг хамгаалдаг болохоор тэднийг бүгдийг нь хамгаалдаг гэсэн үг. Франц орон, Францын иргэдийн эрх ашгийг хамгаалдаг. Тэд хэн байх нь хамаагүй. Би ийм байр суурь баримталдаг болохоор улс төрийн хувьд ялгаварлан гадуурхахын эсрэг байдаг. Би хүмүүсийг чадварын дагуу үнэлдэг тул авьяас чадвартай нь дээш ахидаг (меритократ) тогтолцооны төлөө тэмцдэг.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)