Дэлхийн энергийн төвд 1000 мод тарилаа

Говийн элс, хаврын хавсарга хэнийг ч зогсоосонгүй

 

 

 

Хүмүүн төрөлхтөн энэ дэлхий дээр анх бий болохдоо байгаль ижийтэйгээ хүйн холбоогоор холбогдож салшгүй нэгэн хэсэг нь болсон гэдэг. Гэвч техник технологи үсрэнгүй хөгжих тусам хүний буруутай үйл ажиллагаанаас болж эх дэлхий маань өвдөн шаналж, ган ганчиг, цөлжилт хаа сайгүй явагдсаар байна. Тиймээс энэ л цаг үед бид эх дэлхийгээ энэрэн хайрлаж, эмчилэх нь зүйн хэрэг юм.

 

“Монгол улсын иргэн бүр байгаль орчныг хамгаалах журамт үүрэгтэй” хэмээн “Монгол улсын үндсэн хууль”-д зааж өгсөн байдаг. Түүнчлэн 16-аас дээш насны хүн бүр нэг мод тарих ёстой гэсэн хуультай. Өсвөр залуу үеийнхний экологийн боловсролыг дээшлүүлэх, тэднийг мод, сөөг, зүлэг тарьж, арчилж ургуулах арга технологид сургах, улмаар сургууль, цэцэрлэгийн орчныг цэцэрлэгжүүлэх ногоон байгууламжийг бий болгох замаар эрүүл, аюулгүй, таатай орчинг бүрдүүлэх зорилгоор 1000 модыг Дорноговь аймгийн Хамарын хийдэд 500 гаруй залуус тарилаа. Учир нь цөлжилт говь хээрийн цөл бүс нутагт эрчимтэй явагдсаар байгаа юм.

 

Догшин ноён хутагтын өлгий нутаг, дэлхийн энергийн төв хэмээн нэрлэгдээд буй энэ л газрыг Улаанбаатар хотоос 450км замыг туулан 350 залуус зорьж иржээ. Нийслэл хотоос ирсэн залуучууд маань говийн хүчтэй салхинд нэлээн зутрангүй хоносон байхдаа гэсэн бодол толгойд эргэлдэж басхүү санаа зовнисон байдалтай иртэл говийн элс, хаврын хавсаргыг тэд ажралгүй даваад гарчээ. Биднийг Сайншандаас очиход залуучууд маань өглөө эртлэн босчээ. Ингээд өглөөний мандах нарыг харсаны дараа цайгаа уучихаад мод тарих ажилдаа ханцуй шамлан орлоо. Тэдэн дээр Сайншанд, Замын-Үүд сумын 160 залуу нэмэгдэж ирсэн юм. Энэхүү 1000ш модыг тарихад Хамарын хийдийн захиргаа дэмжин ажилласан бөгөөд газар ус аргадах маанийн ерөөлийг өргөсний дараа үйл ажиллагаа нээлтээ хийн эхэлсэн билээ.

 

 

Мод тарихад арчилгаа чухал

 

Монгол улсад сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар мод тарих хөдөлгөөнийг өрнүүлэх болсон. Гэвч олон мянган мод таричихаад үргэлжлүүлэн арчилахгүй үхүүлж байгаа жишээг дурьдвал их бий. Харин манай урд хөрш БНХАУ мод тарих үйл ажиллагаанд төрөөс асар их зардал гарган иргэдээ цалинжуулж, нас бие гүйцсэн залуу мод хүртэл нь ургуулж, арчилуулдаг байна. Ингэснээр говь элсэн цөлд ногоон төгөлийг бүтээн байгуулж, гайхалтай сайхан хотын өнгө үзэмжийг бүрдүүлж чаддаг ажээ. Менежментийг зөв түвшинд хэрэгжүүлэх хэрэгтэй. Тиймээс мод тарих арга ухаанаас залуу, хойч үеийнхэн суралцах нь зүйн хэрэг болоод байгаа юм. Хайлаас модыг сонгож авах болсон шалтгаан нь говь, цөлийн бүсэд цөлжилтөөс хамгаалах зурвас, төгөл байгуулахад нэн тохиромжтой. Мөн хайлаас нь жил бүр цэцэглэж үрлэдэг бөгөөд намхан сөөгөрхүү, ус бага зарцуулдаг мод юм.

 

Мод тарих газраа заалгаж авсаны дараа 1000 гэсэн тоон хэлбэрээр залуучууд нүхээ ухаж модоо суулгалаа. Одоо харин арчилан хамгаалах нь орон нутгийн иргэд болон холбогдох байгууллагуудын үүрэг юм. Цаашид хаалт хашлага хийх, услах, бордоожуулах гээд орхилгүй хийх ажил байгааг сануулах нь зүйтэй.

 

Нэг мод Нэг насны буян

 

 

Зуу зуун залуусыг нэг зорилгын дор нэгтгэнэ гэдэг нөр их хөдөлмөр билээ. Зөвхөн мод тарих гэж ирж байгаа хэдий ч нөгөө талаараа орон нутгийг залуучуудад танилцуулсан, хооронд нь нөхөрлүүлсэн, хамтын хүчийг мэдрүүлсэн, адал явдалтай хөгжилтэй аялал байсан гэдэгт итгэлтэй байна. Энэ дунд олны танил уран бүтээлчид нэгдэж хорвоогийн мөнх бусыг үзсэн ард түмний хайртай уран бүтээлчдийн дурсгалд мод тарьсан нь анхаарлын төвд байлаа. Хаалтын үйл ажиллагааг Дорноговьчуудтай хамт төв талбайд хийхээр байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас хамааран Хүүхдийн ордонд хийсэн юм. Тоглолтонд дуучин Эгшиглэн, МIXX хамтлаг, МС Ариука, этник Зоригоо нар ая дуугаа өргөж Урлагийн тэнгэрт од болон гялалзаж байсан уран бүтээлчдийнхээ араас тоглолтын үеэр нэг минутын турш үзэгчидтэй хамт эмгэнэл илэрхийлэн хүндэтгэл үзүүлсэн нь аянд оролцсон хүн бүрийн сэтгэлд одоо ч гэсэн харуусал, гунигийг мэдрүүлэх биз ээ. Ум сайн амгалан болтугай...

 

 

Олны хүч оломгүй далай

 

Ингээд "Ногоон ирээдүй 2015" аяныг ”1000 залуу 1000 мод” хөтөлбөр болгон 2 дахь жилдээ 5 сарын 3-ны өдөр Дорноговь аймагт амжилттай зохион байгуулсан юм. Ерөнхий зохион байгуулагчаар "Цаг үе 1000 залуу" ТББ,"АЛТАН ШОНХОР",“Фэйсбүүк сургууль” сошиал медиа клуб ажиллалаа. Сайн үйл бүтээхэд Монголчууд дуу нэгтэй нэгддэг болсон нь энэхүү хөдөлгөөнийг өрнүүлэхэд ажиглагдаж байсан юм. Дэмжигч байгууллагаар “Люксвүүд хаус” ХХК, “Макс” цонх, М1 energy, Autocom Japan, Timberland, Telecom Mongolia, MERCADO, Дорноговь аймгийн “Гандирс” зочид буудал, “Илбет” сервис, барилга угсралтын “ТОБЕМ” ХХК зэрэг байгууллагууд оролцсон бол хамтран зохион байгуулагчаар Зэвсэгт хүчний Жанжин штаб, ЗХ-ний 336-р анги, Дорноговь аймгийн ЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ, Дорноговь аймгийн мэдээллийн портал Dtime.mn сайт ажилласныг дуулгахад таатай байна. Мөн “1000 залуу 1000 мод” хөтөлбөрийг өрнүүлэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүддээ талархал илэрхийлье. Мэдээллийн ивээн тэтгэгчээр МҮОНРТ, С1, NTV, 25-р суваг, Эх орон, Royal, TV8, Star телевиз, орон нутгийн DSB, MNT телевиз, “Өнөөгийн Дорноговь” сонин тус тус ажилласан юм. Манай нутагт ирж мод тарьсан залуусдаа баярлалаа. Та бүхний эхлүүлсэн замаар олон мянган залуус мөр гаргана гэдэгт итгэж байна.

 

Сайн үйлс бүхэн сэтгэлээс урган гарч

 

Мянга мянгаар дэлгэрэх болтугай

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (122.201.22.121)

    2015-05-07

    ЗӨВ ШҮҮ