Жимми Картер: Орос крымыг өөртөө нэгтгэх нь гарцаагүй байсан

“Ахмадууд” (“The Elders») байгууллагын төлөөлөгчид Москва хотноо өнгөрсөн сарын 27-28-нд айлчилсан билээ. Энэ байгууллагыг анх 2007 онд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч агсан Нельсон Манделагийн санаачлагаар байгуулжээ. Байгууллагын албан ёсны баримт бичигт “Гишүүд туршлага, нөлөөгөө энхтайван, шударга ёс, хүний эрхийн үйлсэд зориулна“ хэмээн заасан аж. “Ахмадууд”-ын төлөөлөгчдөөс тараасан хэвлэлийн мэдээлэлд “Олон улсын хэмжээнд сөргөлдөөн, геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж буйд санаа зовинож буйгаа илэрхийлсэн байна. Ахмад улстөрчид өнгөрсөн сарын 29-нд Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцээр хийсэн. Үүнээс гадна Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров, ЗХУ-ын Ерөнхийлөгч асан М.Горбачев, Ерөнхий сайд асан Е.Примаков, Москва хот дахь судалгааны томоохон байгууллагын удирдлагатай уулзсан юм. Москвад айлчилсан “Ахмадууд”-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд НҮБ-ын тэргүүн асан Кофи Аннан, Норвегийн Ерөнхий сайд асан Гру Харлем Брундтланд, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер, Финландын Ерөнхийлөгч асан Марти Ахтисаари, Алжирын Гадаад хэргийн сайд асан Лахдар Брахими, Мексикийн Ерөнхийлөгч асан Эрнесто Седильо нар багтжээ. Жимми Картер В.Путинтэй уулзсаны дараа “Америкийн дуу хоолой” радио станцад ярилцлага өгчээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг 1977-1981 онд хашсан түүний ярилцлагаас хүргэж байна.

 

-Та хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцээр хийлээ. Хэлэлцээрийн тухай, тухайлбал Украины асуудлаар ямар хэлэлцээ хийв. Үр дүнд нь хэр сэтгэл ханамжтай байна вэ?

 

-Бид Ерөнхийлөгч В.Путин, С.Лавров болон бусад зөвлөхүүдтэй нь хоёр цаг хагас ярилцлаа. Уулзаж ярилцсан эрх баригчдын төлөөлөгчид Орос, Украин, Франц, Германы оролцоотойгоор байгуулсан Минскийн гэрээг бүрэн хэмжээнд биелүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн болохоор бид сэтгэл хангалуун үлдсэн. Дээр нь Оросын тал энэ нөхцөл байдлыг зохицуулахыг хүсч байна гэдэгт эргэлзэх зүйл үлдээгүй. Иймд Минскийн гэрээг хэрэгжүүлж, нэг зорилтоо биелүүлэх хэрэгтэй.

 

-Украины талаар В.Путиний бодол санаа, стратегийг та хэрхэн үнэлж байна. Тэрбээр тус улсаас цэргээ гаргаж, зэвсэгт дайчдад тусламж үзүүлэхээ зогсоохоосоо өмнө юу хүсч байна вэ?

 

-Миний мэдэж буйгаар Оросын Ерөнхийлөгч Украины зүүн хэсэгт цэрэг, зэвсгээ оруулсан гэх мэдээллийг хүлээн зөвшөөрөөгүй. В.Путин тус нутагт амьдардаг хэсэг бүлэг хүн өөрийн гэсэн шалтгаанаар байлдаж байгаа гэсэн байр суурь илэрхийлж, Оросын талын оролцоог үгүйсгэж байв.

 

-ЗХУ Афганистанд халдан түрэмгийлсний дараа та Москвагийн эсрэг хатуу хориг тавьж, афганы сөрөг хүчнийг зэвсэглэхийн зэрэгцээ стратегийн зэвсэглэлийг хорогдуулах тухай хэлэлцээрийг зогсоосон. Гэвч НАТО-ийн удирдлага одоо Украины зүүн хэсэгт Оросын цэрэг байгаа гэж мэдэгдэж, Ерөнхийлөгч Б.Обама Оросын эсрэг хориг тавьсан хэрнээ Украинд зэвсэг нийлүүлэхгүй байна. Үүнээс гадна Ерөнхийлөгч Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээг (СДЗХГ) Оростой байгуулж, түүнийгээ хэрэгжүүлсэн хэвээр байх бололтой. Барууны орнуудын хувьд Украиныг зэвсэглэх нь чухал биш гэж үү. Мөн АНУ-ын засаг захиргаа СДЗХГ-г хэрэгжүүлэх үйл явцыг зогсоох талаар хэлэлцэх нь үү?

 

-Би хувьдаа Украинд зэвсэг илгээхгүй байхыг хүсч байна. Киевийн эрх баригчдад болон Украины зүүн хэсэгт мөн адил. Ерөнхийлөгч Б.Обама энэ улсад зэвсэг илгээхгүй байх гэдэгт найдаж байна.

 

-Гэхдээ өнгөрсөн онд та зэвсэг илгээхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Таны байр суурь өөрчлөгдсөн үү?

 

-Үгүй. “Ахмадууд” нэг нь ч зэвсэг илгээх тухай санааг дэмжихгүй гэж бодож байна. Цэргийнхэн аминд халгүй тоног хэрэгсэл илгээх боломжтойг би жилийн өмнө хэлж байсан. Тэгэхэд нөхцөл байдал маш хүнд байсан. Зэвсэг нийлүүлэх болон майхан гэх мэт хэрэгцээт эд зүйлс нийлүүлэх хоёр ялгаатай.

 

-Вашингтоны эрх баригчид Украины хүндрэлийг ашиглан Европын орнуудын удирдагчид болон Оросын хооронд хагарал үүсгэхийг оролдож буйг Москвад их ярьдаг. Жишээ нь, тэднийг Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд ирүүлэхгүйн тулд шахалт үзүүлж буй тухай. Та Европын орнуудын удирдагчидтай харилцдаг хүн. Энэ хардалт хэр үндэслэлтэй вэ?

 

-Бид энэ асуудлыг В.Путинтэй хэлэлцэхэд тэрбээр Вашингтоны эрх баригчид Европын удирдагчдын хүсэл зоригийн эсрэг хөдлөхөд хүргэж буй талаар санаа зовсон гэхээр зүйл яриагүй. АНУ болон Европын орнуудад эдгээр асуудлын талаар эрчимтэй санал солилцсон гэдэгт итгэлтэй байгаагаа Оросын Ерөнхийлөгч илэрхийлсэн. Би Европын аль нэг орны биеэ даасан, бүрэн эрхт байдал, эрх чөлөөг нь дорд үзэж, АНУ тэднийг парадад ирэх, эс ирэх тухай шийдвэр гаргахад нь нөлөөлсөн тухай ярьмааргүй байна.

 

-Нөгөөтэйгүүр Оросын удирдагчид Европын холбоо, АНУ-ын хэлхээ холбоог улам бататгахын эсрэг байр суурьтай улстөрчдийг тойглодог. Таны бодлоор В.Путин Европ болон АНУ-ын хооронд хагарал үүсгэхийг оролдож байна уу?

 

- Ерөнхийлөгч байхдаа би шийдвэрлэх ёстой олон асуудалтай тулгарч байсан. Бүрэн эрхт улсын Ерөнхийлөгч хүн ард түмнийх нь эрх ашигт нийцэх бүхнийг хийнэ гэж бодож байна. Хэрэв В.Путин Франц, Германы удирдагчидтай онцгой харилцаатай хэрнээ Их Британи юмуу өөр нэг аль нэг орны удирдагчтай онцгүй харилцаагүй байх нь буруу гэж би үзэхгүй. Франц, Германы тал АНУ болон бусад орноос бараг хамааралгүйгээр Минск дэх хэлэлцээрийг санаачилж, зохион байгуулах үед тэднээр бахархах сэтгэл төрсөн. Би Минск дэх тохиролцоог Украины зөрчилдөөнийг хэтийн төлөвдөө шийдвэрлэх хамгийн сайн арга зам гэж боддог.

 

-Та өнгөрсөн онд Д.Леттерманы хөтөлдөг телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо Оросын тал Крымыг өөртөө нэгтгэх нь гарцаагүй байсан тухай өгүүлсэн. Гэхдээ энэ үйл явдал үнэхээр зөв, хууль ёсны дагуу болсон уу?

 

-Хрущев олон жилийн өмнө Крымыг Украинд бэлэг болгон шилжүүлснийг би сайн мэднэ. Энэ нь Украин улс Крымын нэгэн адил ЗХУ-ын нэг хэсэг байсантай холбоотой. Орос, Крым хоёр ойрын ирээдүйд энэ харилцаагаа тасална гэдэгт итгэдэггүй. Хүмүүс миний байр суурийг зөвшөөрөх эсэхээс үл хамааран энэ (Крымыг нэгтгэсэн) үйл явдал болох нь бараг гарцаагүй байсан. Крымын оршин суугчид болон оросууд үүнийг хүсч байсан тухай өмнө нь миний ярьсан зүйл бодитой гэдэгт итгэлтэй байна. Ойрын ирээдүйд энэ шийдвэрийг буцаах боломжгүй.

 

-Үүнийг хэрэгжүүлсэн арга хэлбэрийн хувьд?

 

-Санаачлагыг анх Крымын иргэд, Оросын иргэдийн алинааас нь гарсаныг би сайн мэдэхгүй ч хоёр тал тохиролцсон гэж ойлгодог.

 

-Барууны орнууд ийм нөхцөл байдал болон Оросын талаас цаашид Украины зүүн хэсэгт хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хэрхэн бэлтгэж болох вэ?

 

-Нэг Ерөнхийлөгчийг түлхэн унагаж, дараа нь өөр нэгийг сонгосон зэрэг Киевт болсон үйл явдлын хувьд байр суурийн зөрүү байдаг. Энэ бэрхшээлийг давж чадаагүй байна. Америкуудын хувьд Ерөнхийлөгч П.Порошенко эрх мэдэлтэй болсон нь хуулийн дагуу болсон хэвийн үйл явц бол Ерөнхийлөгч В.Путин үүнийг тэс ондоогоор тайлбарладаг.

 

-Энэ зөрчилдөөнийг энхийн замаар шийдвэрлэх ямар боломж байна вэ?

 

-Франц, Германы хүчин чармайлтаар байгуулсан Минскийн гэрээг бүх зүйл заалтын дагуу хэрэгжүүлэх нь хамгийн шилдэг арга. Дээр нь Киев, Москва дахь удирдлагууд энэ гэрээг ажил хэрэг болгох талаар бүхнийг хийнэ гэдэгт найдаж байна. Өмнө нь хэлсэнчлэн би өөр арга зам олж харахгүй байна.

 

-Тийм бол та Ерөнхийлөгч В.Путинд ямар ажил хэрэгжүүлэхийг санал болгосон бэ?

 

-Миний хувьд тэднийг ямар нэг зүйлд уриалах шаардлага байгаагүй. Учир нь В.Путин болон С.Лавров нар “Ахмадууд”-ын төлөөлөгчдөд Орос улс Минскийн гэрээг хэрэгжүүлэх сонирхолтой, тууштай мөрдөнө гэдгээ илэрхийлсэн. Киев дэх удирдлага харилцан тохиролцсоныхоо дагуу Украины зүүн хэсгийн төлөөлөгчидтэй хэлэлцээр хийх хүсэлгүй байгаагаас бэрхшээл учирч байгааг өгүүлсэн. Ямартаа ч гэсэн бид Оросын талаас Минскийн гэрээг бүрэн хэрэгжүүлэх сонирхолтой байгаа гэдгээс өөр ямар нэг зүйл олж сонсоогүй.

 

-Ерөнхийлөгч Б.Обама Орос Крымыг өөртөө нэгтгэсэн нь хэр зүйтэй байсан, хууль ёсны эсэх талаар таныхаас тэс ондоо байр суурь илэрхийлдэг. Та түүний үнэлгээ дүгнэлтийг зөвшөөрөхгүй, өөр байр суурьтай байна гэж үзэж болох уу?

 

-Би байр суурийн зөрүүний талаар мэдэхгүй юм. Миний хэлсэн зүйл бол Украины зөрчилдөөнийг шийдвэрлэх шилдэг гарц болох Минскийн гэрээг хэрэгжүүлэх үйл явцад Орос улс тууштай байр суурь баримталж буй тухай юм. Энэ гэрээг хэрэгжүүлэх шаардлагатай талаар миний үзэл бодол АНУ-ын байр суурьтай нийцдэггүй тухай би сонсоогүй. Дээр нь АНУ энэ хэлэлцээрийн үйл явцад оролцоогүй.

 

-Таны бодлоор Минскийн, Нормандын гэсэн хэлэлцээрүүдийн аль нэгэнд АНУ оролцогч нь болох ёстой байсан уу?

 

-Оросын удирдагчдыг сонсох явцад тэд АНУ-ыг “Минск-2” гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлээсэй гэж хүсч буйг ойлголоо. Энэ талаар би Ерөнхийлөгч Б.Обаматай ярилцаагүй боловч дэмжиж байгаа гэж боддог. Гэхдээ АНУ энэ үйл явцад шууд оролцох шаардлагагүй. Үүнд Москва, Киев, Парис, Берлин оролцож байгаа нь хангалттай. Гэрээнд гарын үсэг зурсан талууд түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Ерөнхийдөө дэлхийн бүх орон Минскийн гэрээг дэмжээсэй гэж боддог.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)