ОХУ-Д 12 сая хүн жагсч, амь үрэгдэгсдийг дурсав

ОХУ-д Ялалтын баярын өдөр “Бессмертный полк” (Үхэшгүй хороо) хэмээх арга хэмжээнд нийт 12 сая хүн оролцсоныг зохион байгуулагчид нь мэдээлжээ. Энэ жагсаал Оросын 1200 орчим хот сууринд болж, иргэд дайнд оролцсон, амь үрэгдсэн төрөл төрөгсдийнхөө гэрэл зургийг барьж жагссан байна. Москва хотноо Ялалтын парадын дараа болсон энэхүү жагсаалыг Ерөнхийлөгч В.Путин тэргүүлж, Эх орны дайнд оролцсон аавынхаа зургийг барьж явжээ.

 

Москва хотноо уг жагсаалд нийт 500 мянган хүн оролцсон аж. “Бессмертный полк” нь олон нийтийн үүсгэл санаачилгаар бий болсон арга хэмжээ бөгөөд анх 2012 онд Томск хотын 6000 хүн дайнд оролцсон төрөл төрөгсөд болох 2000 хүний зургийг барьж жагссанаар эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн онд уг арга хэмжээ долоон оронд болж, олон улсын шинж чанартай болсон билээ.

 

Энэ үйл ажиллагаа нь иргэдийг Аугаа Эх орны дайнд оролцсон төрөл төрөгсдийнхөө тухай дурсамжийг хадгалж, олон нийтэд таниулахад туслах зорилготой юм. Оросын Ерөнхийлөгч Ялалтын парадыг нээж үг хэлэхдээ, Дэлхийн хоёрдугаар дайны үед мөр зэрэгцэн тулалдаж байсан олон орны төлөөлөгчид талбайд жагсах гэж буйг дурдсан байна. В.Путин үгэндээ дайны турш зөвлөлтийн ард түмэнд дэмжлэг үзүүлж байсан Монголын цэрэг дайчид оролцож байгааг тодотгож хэлсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)