Сайд үйлчлэгч нарыг доромжилсныхоо төлөө огцорлоо
- 2015-05-13
- Дэлхий
- 0

Египетийн хууль зүйн сайд Махфуз Сабер олон нийтийн дүргүйцэл төрүүлсэн мэдэгдлийнхээ төлөө даваа гаригт огцорсныг “Ройтерс”-оос мэдээлжээ. Сайд теле-визэд ярилцлага өгөхдөө “Шүүгч хүн чинээлэг, ёс суртахуунтай айлд өсч хүмүүжсэн байх ёстой. Харин үйлчлэгч нарын хүүхдүүд элдэв бэрхшээлтэй тулгарч, сэтгэл гутралд орж болзошгүй тул өөрсдөд нь илүү тохиромжтой ажил хайх хэрэгтэй” гэж мэдэгджээ. Египетийн иргэдийн нэлээд хэсэг үүнийг ялгаварлан гадуурхах үзлийн нь шинж хэмээн үзэж дургүйцсэн аж. Махфуз Сабер буруу зүйл ярьсан гэдгээ хүлээж, олон нийтийн санал, энгийн иргэдийг хүндэтгэх үүднээс огцрохоор болсноо мэдэгджээ. Үүний дараа Египетийн Ерөнхий сайд Ибрагим Махляб Засгийн газар нийгмийн бүх давхаргынхныг үнэ цэнэтэйд тооцдог тухай мэдэгдсэн байна. Египетэд 2013 оны зургадугаар сард цэргийн эргэлт гарч, Мухаммед Мурсиг засгийн эрхээс түлхэн унагасан. Мухаммед Мурси “Исламын ахан дүүс” хөдөлгөөний дэмжлэгтэйгээр Египетийн Төрийн тэргүүний албыг авсан ба тус улсын хувьд ардчилсан сонгуулийн дүнд Ерөнхийлөгч болсон анхны хүн юм. Египетийн шүүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сард Мухаммед Мурсид 20 жил хорих ял оноосон аж.

Сэтгэгдэл (1)
Зочин (202.179.11.134)
Уг нь бол үнэний хувьтай зүйл ярьж. Ээж аав нь өөрсдөө ядуу сэтгэлгээтэй, буруу хүмүүжилтэй бол хүүхдээ бас л буруу хүмүүжүүлэх гээд байдаг талтай. Тун цөөхөн ийм айлын хүүхэд энэ чинь бууу юм байна гэж ухаараад зөв хүмүүжлээр цааш өгсдөг.