Ю.Лужков: Оросын эдийн засаг ард түмний эсрэг шинжтэй
- 2015-05-13
- Дэлхий
- 0
Москва хотын захирагч асан Ю.Лужков Оросын эдийн засгийг ард түмний эсрэг хэв шинжтэй гэсэн байр сууриа “Комсомольская правда” сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Ю.Лужков хөдөө фермийн аж ахуй эрхэлдэг болсноосоо хойш Орост үнийн тогтолцоо гажуудсаныг өгүүлдэг болсон аж. Тухайлбал, талх, сүү, хүнсний бусад бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь үйлдвэрлэгчид болон худалдааны сүлжээнүүд хуйвалдсаны шинж хэмээн үзсэн байна. Гэхдээ хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж олсон ашгийн 80 хувь нь зуучлагчид болон жижиглэн худалдаачдад ногдож буйг өгүүлжээ. Ю.Лужков “Ийм эдийн засаг амьдрах чадваргүй, ард түмний эсрэг шинж чанартай хэмээн мэдэгдсэн юм. Москва хотын захирагч асан өөрийн фермийн жишээн дээр Оросын ХАА-н салбар хэрхэн ажилладгийг ойлгож, тогтолцоог нь хэрхэн сайжруулах тухай санал боловсруулахаар төлөвлөсөн аж. Ю.Лужков түүний энэ төлөвлөгөөг Ерөнхийлөгч мэдэж байгааг хэлсэн боловч тодорхой зүйл яриагүй гэнэ. Ю.Лужков 1992 оноос Москва хотын захирагчийн албыг хашиж байгаад 2010 онд Ерөнхийлөгч Д.Медведевийн шийдвэрээр албан тушаалаа орхисон. Энэ тухай зарлигт Ю.Лужковыг итгэл алдсан гэдэг үндэслэлээр огцруулах тухай өгүүлсэн байна. Энэ тухай Д.Медведев тайлбарлахдаа нийслэлд авлига хэт их газар авсан, замын түгжрэл хэт нэмэгдсэн гэдэг үндэслэлийг дурдсан аж. Сүүлийн жилүүдэд Ю.Лужков Калининград мужид “Веедерн” морин завод нэртэй аж ахуй эрхэлж буй аж. Энэ аж ахуйд хонь, адууг үржүүлж, тариалан эрхлэхийн зэрэгцээ эндээс гарсан бүтэгдэхүүнийг боловсруулдаг. Ю.Лужков энэ оноос эхлэн гурвалжин будаа тариалж эхэлсэн байна.

Сэтгэгдэл (0)