Ерөнхийлөгч асан М.Мурсид цаазаар авах ял оноолоо

 

Ерөнхийлөгч асан М.Мурсиг 2011 онд шоронгийн хоригдлууд бөөнөөр оргосон хэрэгт буруутай хэмээн үзэж, Египетийн шүүхээс өнгөрсөн баасан гаригт цаазаар авах ял оноожээ. Шүүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч асанд иргэдийг баривчилж, эрүү шүүлт тулгах тушаал өгсөн гэх ял тулгаж, 20 жил хорих ял оноосон байв. М.Мурси нь Египетийн түүхэнд анх удаа ардчилсан сонгуульд өрсөлдөж, Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан хүн юм. Гэвч 2013 онд цэргийн эргэлт гарч, түүнийг засгийн эрхээс түлхэн унагасны дараа“Исламын ахан дүүс” хөдөлгөөнийг Египетэд хориглосон. Египетийн шоронгоос хоригдлууд бөөнөөр оргосон гэх хэргийн хүрээнд М.Мурситай хамт 100 гаруй хүнд цаазаар авах ял оноожээ. Эдгээр ялыг тус улсын шашны тэргүүн баталснаар хүчин төгөлдөр болох учиртай. Харин М.Мурсиг дэмжигчид эдгээр ялын тогтоол нь улс төрийн шинжтэй, цэргийн дэглэмийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд хэрэгжиж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх зорилготой хэмээн дүгнэсэн аж. М.Мурси Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа нэг жил хүрэхгүй хугацаанд улс орноо удирдаж чадахгүй гэдгээ харуулж, олон нийтийн дэмжлэгийг алдсан. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг эрс нэмэгдүүлэх тогтоол гаргасных нь дараа олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, цэргийнхэн түүнийг засгийн эрхээс түлхэн унагасан юм. М.Мурсийн оронд Төрийн тэргүүний албыг авсан Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч асан Абдель Фаттах Сиси2014 оны тавдугаар сард сонгуульд ялж, Ерөнхийлөгчийн албыг хашиж эхэлсэн. Гэсэн хэдий ч хууль ёсны парламент, өөрийн дэмжих улс төрийн хүчин байхгүй нөхцөлд дан ганц хүний тогтоол, захирамжийн тусламжтайгаар улс орныг удирдах хэцүү гэдгийг түүний засаглал харуулж байна. Энэ нөхцөлд улс төрийн хувьд өөр байр суурьтай хүмүүсийг баривчлах, хавчин дарангуйлах үйл явц улам гаарч буй аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)