Рон Пол: АНУ-ын эдийн засгийн загвар, гадаад бодлого ирээдүйгүй

АНУ-ын Конгрессын гишүүн асан, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Рон Полын “РТ” телевизийн “Watching the Hawks” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагаас хөрвүүлэн хүргэе.

 

-Алан хядагчидтай тэмцэх зорилгоор АНУ-аас хэрэгжүүлсэн ажиллагааны явцад барьцааны хоёр иргэн золгүй тохиолдлоор амь насаа алдсаныг Цагаан ордноос саяхан мэдээлсэн. Энэ нь нисгэгчгүй дрон онгоц ашиглах хөтөлбөрийг зогсоох хангалттай үндэслэл болж чадах уу?

 

-Энэ хөтөлбөрийг аль хэдийнэ зогсоох ёстой байсан. Анхнаасаа эхлүүлээгүй бол сайн байв. Нэгэнт ийм хөтөлбөр байгаа бол зөвхөн онцгой нөхцөлд ашиглах хэрэгтэй. Гэвч тийм нөхцөл бүрдээгүй. Энэ хөтөлбөр бидэнд уй гашуугаас өөр зүйл авчирсангүй. Нисгэгчгүй онгоцыг АНУ-ын иргэдийн амь насыг хөнөөхөд ашигласан. Та Америкийн иргэдийг хөнөөсөн тухай дурдлаа. Эдгээр онгоцыг тэдний амь насыг хөнөөх зорилгоор явуулсан байх магадлалтай. Иймд энэ хөтөлбөрийг аль болохоор шуурхай хаах хэрэгтэй. Дайны явцад хөтөлбөрийг онцгой хяналтан дор хэрэгжүүлэх ёстой.

 

-Дрон онгоц ашиглахаас татгалзсан тохиолдолд Америкийн цэргийн албан хаагчид болон энгийн иргэдэд хохиролтой хэмээн Цагаан ордны төлөөлөгчид энэхүү хөтөлбөрийг хаацайлдаг. Та ийм тайлбарыг хэр үндэслэлтэй гэж үздэг вэ?

 

-Хориг арга хэмжээ юмуу дрон онгоц ашиглах зэрэг бүхий л үйлдлийнхээ талаар тэд ийм тайлбар тавьж, ирээдүйд гарч болзошгүй их хохирлыг сэргийлсэн тухай өгүүлдэг. Гэвч энэ нь бүр их хүндрэл үүсгэдэг. Бид өмнө нь бусдын сонгуулийн ажилд оролцож, гадны оронд тусламж, тусгай хүчнийхнээ илгээж, хориг тавьдаг байсан бол одоо нисгэгчгүй онгоцноос бөмбөгдөж, тэдгээр орны иргэдийн уур хилэнг хүргэдэг болсон. Энэ хөтөлбөрийн явцад алдаа байнга гардгаас энгийн иргэд амь насаа алдаж, АНУ-ыг үзэн ядах үзэл улам нэмэгддэг. Бид хүмүүсийг 30 мянган метрийн өндрөөс хөнөөж, тэдний зүгээс хариу өгөх ямар ч боломж олгодоггүй. Би үүнийг аймшигтай гэж үздэг. Энэ бүхэн байдлыг улам хурцатгадаг тул ийм аргаар ямар нэг зүйлийг аварч болно гэж бодох нь алдаатай юм. Амьдралын хэв маяг ийм гэдгийг хүн бүр мэдэх тул дэлхийн улс орнууд дахь өөрсдийн нэр хүндийн талаар бид тун болгоомжтой хандах хэрэгтэй.

 

-Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд америкчууд Буш болон Клинтоны гэр бүлээс аль нэгийг нь дахин сонгохоос өөр аргагүй болж болзошгүй талаар?

 

-Дахин ийм сонголт хийхэд хүрвэл америкчууд гаж донтнууд болж, тэдний хувь тавилан бол зовох юм. Энэ бүхэн муу боловч ард түмэн өөртөө тохирсон зүйлээ л хүртдэг. Хүмүүс эвлэрч, бурууг нь анзаарахыг хүсэхгүй байгаа хувь тавилангаа эдэлнэ. Дээр нь Америкийн улс төрийн амьдралын охь манлай болсон Буш, Клинтоны гэр бүлийн өрсөлдөөнд асар их мөнгө, том бизнесийнхэн оролцож буйг санах хэрэгтэй. Хэдий их бэрхшээлтэй ч засаг төрийн хэв маяг ард түмний чиг хандлагаас хамааралтай. Хүмүүс Засгийн газартаа итгэл алдарч, тэднийг амлалтаа биелүүлэхгүй нь гэдгийг ойлгосон тохиолдолд эрх баригчид хөтөлбөрөө өөрчлөхөөс өөр аргагүй болдог. Энэ нь коммунист дэглэмийн хувьд мөн адил юм. Улс төрийн зарим дэглэм өөрсдийн алдаанаас болж сүйрдэг. Миний бодлоор энэ бүхэн бидэнд тулгарч байна. Эдийн засаг дахь Кейнсианы загвар, бусад орны дотоод хэрэгт хутгалддаг гадаад бодлого бол буруу. Энэ бүхэн ажиллахгүй байгаагаас сүйрэлд хүргэнэ. Америкийн ард түмэнд маш их хариуцлага ногддог ч тэд гаж донтнууд биш тул дахин зовлон амсахыг хүсэхгүй гэж найдъя.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)