Ким Чен Уны ах Лондонд тоглолт үзжээ

Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны дунд ах Ким Чен Чхоль Лондон хотноо рок гитарчин Эрик Клэптоны тоглолтыг үзсэнийг Японы TBS телевизийнхэн мэдээлжээ. Телевизийн зураглаач түүнийг тоглолтын танхимд залуу эмэгтэйтэй явж байхад нь дүрсийг буулгаж авсан гэнэ. Одоо 34 настай Ким Чен Чхоль богино ханцуйт цамц, хар өмд, савхин хүрэмтэй явсан аж. Түүнийг 2006, 2011 онд Герман, Сингапурт Эрик Клэптоны тоглолт үзэж байсныг телевизийнхэн өгүүлжээ. Ким Чен Чхоль нь Умард Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирийн дунд хүү бөгөөд түүнийг төрийг залах өв залгамжлагчаар сонгож болзошгүй тухай яриа нэг хэсэг гарсан. Гэвч төрийн дээд эрх мэдлийг түүний дүү Ким Чен Унд шилжүүлснээр ахын нь тухай мэдээлэл гарах нь ховордсон юм. Залуу удирдагч Ким Чен Ун өөр эхээс төрсөн Ким Чен Нам хэмээх ахтай. Түүнийг Хятадын засаг захиргааны тусгай нэгж Макаод амьдарч гаднын хэвлэлүүдэд ярилцлага өгсөн тухай мэдээлэл үе үе гардаг.

 

Д.МӨНХБОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)