СБД-ийн ”Өсвөр насны охид, хөвгүүд - ирээдүйн баялаг бүтээгч”-дийн анхдугаар чуулган боллоо

Өнгөрсөн баасан гарагт Монголын Хүүхдийн ордонд Сүхбаатар дүүргийн “ӨСВӨР НАСНЫ ОХИД, ХӨВГҮҮД-ИРЭЭДҮЙН БАЯЛАГ БҮТЭЭГЧ”-дийн анхдугаар  чуулган боллоо.

Энэхүү чуулган дүүргийн 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөө, Нийгмийн түншлэлийн хүрээнд гэрээ буюу хамтран ажиллах дүүргийн Засаг дарга, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2015 онд хэрэгжүүлэх хамтарсан төлөвлөгөөний дагуу Ерөнхий боловсролын сургуулиудын ахлан ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ирээдүйд хэрхэн баялаг бүтээгч болох, хөдөлмөрт бэлтгэх болон харилцааны соёлын талаар мэдээлэл өгч тэдний мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Чуулганы эхэнд дүүргийн Засаг дарга Д.Бадарсан

“Өсвөр насны охид, хөвгүүд-Ирээдүйн баялаг бүтээгч” сэдвээр илтгэл тавив. Баялаг гэж юу вэ, баялаг бүтээгч гэж хэнийг хэлэх вэ, ирээдүйн баялаг бүтээгч ямар боловсрол, мэдлэгтэй байвал зохих вэ, Сүхбаатар дүүргийн хувьд ирээдүйн баялаг бүтээгчийг бэлтгэхийн тулд боловсролын салбарт сургууль, цэцэрлэгт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тухай танилцуулсан нь хүүхдүүдэд сонирхолтой байлаа.

 МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Х.Ганбаатар

Сүхбаатарчууд өнөөдөр Монголд анх удаа энэхүү чуулганыг зохион байгуулж байгаад миний хувьд баяртай байна.  Зөвхөн томчууд бид баялаг  бүтээгч биш Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд та бүхэн бас эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулах баялаг бүтээгчид юм. Тиймээс мэргэжлээ сонгох,  ирээдүйд хэн болох тухайд нь мэдлэгийг нь баяжуулж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын хамт олонд бас баяр хүргэв.

Дүүргийн СОССАЗЗ-ийн дэргэдэх ЕБС-иудын ахлах ангийн сурагчдын Парламентийн мэтгэлцээний клубын гишүүн Нийслэлийн лабораторийн I дунд сургуулийн 10Г ангийн сурагч Г.Оюунтуул “Үгийн үнэ цэнэ” сэдвээр илтгэл тавилаа.

  Үгээр хүнийг үхүүлж болно аварч ч болно. Тиймээс биендээ хүндэтгэлтэй хандаж “Уучлаарай, баярлалаа” гэдэг үгийг байнга хэрэглэж заншихыг найзуудаасаа хүсч байна. Бидний дуу хоолой, үгээ хэлэх эрх чөлөөг үнэлж, сонсож, бидний хийсэн бүтээсэн бүтээлүүдийг маань үзэж, урамшуулж байгаад маш их талархаж байна. Ах эгч нартаа ажлын амжилт хүсч дүүрэг маань улам гоё болно гэдэгт итгэж байна. Хүүхдүүд бид ч үүний төлөө хамтдаа гар бие оролцох ёстой” гэж уриалсан юм.

Харин Үй-Цай сургуулийн 10б ангийн сурагч Э.Энхжин

- “Бидний мэргэжил баялгийг бүтээнэ”  эрдэм шинжилгээний илтгэлдээ  “Өсвөр насандаа мэргэжлээ зөв сонгохын тулд бид өөрийнхөө зан төлөв, сонирхол, өөрт байгаа ур чадвар зэрэгт тохирсон мэргэжлийг сонгон суралцах нь хамгийн чухал. Энэ нь биднийг цаашдаа дэлхий хэмжээнд сэтгэх чадварлаг боловсон хүчин болох үндсийг тавьдаг. Иймээс амжилтанд хүрэхийн тулд мэргэжлээ зөв сонго” гэж илтгэлээ өндөрлүүлсэн нь оролцогчдод их л урам өгч байлаа. 

  Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр дүүргийн Засаг даргын Тамгын газраас сургуулиудад нийлүүлсэн эрэгтэй сурагчдын технологийн хичээлийн Юнимат төхөөрөмж, эмэгтэй сурагчдын иж бүрэн тоног төхөөрөмж бүхий технологийн танхим тохижуулж өгсөн билээ.
Үүний үр дүн болох сурагчид технологийн хичээл дээр бүтээсэн өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн дэлгэсэн байв. Үзэсгэлэнд оролцогч багш “Бидэнд эрэгтэй, эмэгтэй технологийн хичээлээр өнөөдөр сурагчид маань өөрсдийн гараараа бяцхан дүү нарынхаа тоглох тоглоомыг хийж улс, нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа уралдаан тэмцээнүүдийг алгасалгүй оролцон тэргүүн байрт явж байна. 
Харин эмэгтэй сурагчид маань ирээдүйн гэрийн эзэгтэй болох учраас багаасаа гэр ахуй болоод амттай хоол хийх цаашлаад гар урлал, оёдол эсгүүр хийж байгаа нь тэдэнд улам ихийг хийх урам зориг болж байна. Энэхүү боломжийг олгож бүтээлүүдийг нь нийтэд дэлгэж байгаад маш их баярлаж байна” гэлээ.
Үзэсгэлэнд Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 1,2,3,4,6,11,16, 25,29,31,45,71, Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль, Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн сурагчдын бүтээлүүд дэлгэгдэж олны нүдийг хужирлав.


        
Ийнхүү Улсын хэмжээнд анх удаагаа Сүхбаатарчууд 50 жилийн ойн арга хэмжээнийхээ хүрээнд“ӨСВӨР НАСНЫ ОХИД, ХӨВГҮҮД-ИРЭЭДҮЙН БАЯЛАГ БҮТЭЭГЧ”-дийн анхдугаар  чуулганаа амжилттай зохион байгууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)