Даян дэлхий ногоон хөгжлийн семинар болов
- 2015-03-11
- Үнэн
- 0

“Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Монгол улсад 2015-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээ” зөвлөлдөх семинар өнөөдөр эхэллээ. Уг семинарын зорилго нь Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын /ДДНХБ/ 2015-2020 онд баримтлах стратегийн төлөвлөгөөг Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогын зорилтуудтай уялдуулан боловсруулж, оролцогч талуудын санал зөвлөмжийг тусгахад оршиж байгаа юм.
БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх зөвлөлдөх семинарыг нээж хэлсэн үгэндээ төрөөс ногоон хөгжлийн чиглэлээр явуулж буй бодлого, БОНХАЖЯ болон ДДНХБ-ын хамтын ажиллагааны талаар онцоллоо. Тэрбээр, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд БОНХАЖЯ ногоон хөгжлийн чиглэлд томоохон ажлуудыг эхлүүлсэн. Үүний тод томруун жишээ нь өнгөрсөн зургадугаар сард “Ногоон хөгжлийн бодлогыг” УИХ-аар батлуулсан явдал юм. Энэхүү бодлогын баримт бичигт Засгийн газраас дунд хугацаанд буюу 2020 он, урт хугацаанд 2030 он гэхэд нийгмийн бүхий л салбаруудыг ногоон хөгжлийн замнал руу хөтлөх зорилтуудыг тоон үзүүлэлтээр гаргаж тавьсан нь бодлогынхоо хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөхөд дөхөм боллоо гэв.
БОНХАЖЯ тус байгууллагатай гурван жилийн турш хамтран ажиллаж байгаа. Үүний хүрээнд дэлхий дахинаа үйл ажиллагаа явуулдаг тус байгууллагын албан ёсны 19 дахь гишүүн орон болж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Байгаль орчны стратегийн чухал асуудлуудыг хөндөн ажиллахаар тохирсны нэг нь “Ногоон эрчим хүчний системийг хөгжүүлэх стратеги” төслийн эхлэл тавигдсан юм.
Салбарын дэд сайд энэхүү зөвлөлдөх семинарын үр дүнд гарах стратегийг зөвхөн цаасан дээр үлдэх төдий бус бодит үйл ажиллагаа болгоход төрийн гэлтгүй ТББ, хувийн хэвшлийн үүрэг оролцоо чухал үүрэгтэй болохыг тодотгов.
Хоёр өдөр үргэлжлэх уг семинарт төр, хувийн хэвшил, ТББ, шинжлэх ухаан академийн байгууллага болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Сэтгэгдэл (0)