Хяналт нэгдсэн арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлнэ
- 2015-03-20
- Үнэн
- 0

Дэлхийн ойн өдрийг угтан Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий “Зохицуулах зөвлөл”-ийн хуралдаан боллоо. Хуралдаанд тус зөвлөлийн дарга Н.Дашзэвэг болон БОНХАЖЯ, НХГ, НЦГ, ЦЕГ, иргэний зөвлөлийн төлөөллүүд оролцлоо.
Дөрөв дэхь удаагаа хуралдаж буй уг зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар ирэх сард зохион байгуулахаар төлөвлөсөн “Хяналт нэгдсэн арга хэмжээ”-ний талаар хэлэлцэв.
Уг шалгалтыг урьдчилсан байдлаар Хэнтий, Дорнод,Төв, нийслэл, Булган, Сэлэнгэ, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай зэрэг аймгуудад гурван үе шаттайгаар зохион байгуулахаар товложээ.
Уг арга хэмжээний хүрээнд орон нутагт мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллагын өөрийн хөрөнгөөр хийсэн ойжуулалтын үйл явц, мэргэжлийн байгууллага, ойн ангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, зохицуулах зөвлөл байгуулсан эсэх зэрэг хэд хэдэн чиглэлийн шалгалт явуулах ажээ. Мөн орон нутгийн иргэдэд хууль бусаар мод бэлтгэсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хуулийн ямар хариуцлага тооцдог талаар сургалт суртчилгаа явуулж, гарын авлага тараах, ойн цэвэрлэгээ хөтөлбөрийг танилцуулах зэрэг арга зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл (0)