ОПЕК олборлолтын квотоо хэвээр нь үлдээжээ
- 2015-06-09
- Дэлхий
- 0

Газрын тос олборлогч орнуудыг нэгтгэсэн ОПЕК-ийн хуралдаанаас түүхий эд олборлох квотыг хэвээр нь үлдээжээ. Саудын Арабын Газрын тосны сайд Али ибн Ибрагим ан-Нуайми энэ тухай шийдвэрийг олон нийтэд зарлахдаа зах зээл дээр тогтворгүй байдал ноёрхсон хэвээр тул тухай бүрт нь хянаж байна гэдгийг өгүүлсэн байна. ОПЕК-ийн шийдвэрийг зарласан даруйд газрын тосны үнэ бага зэрэг өссөн боловч тус байгууллага хэтийн төлөвдөө хар алтны үнийг тодорхойлж чадахаа больж буйг ажиглагчид хэлдэг. Иран улс энэ долоо хоногоос эхлэн тус улсад тавьсан хориг арга хэмжээнд өртөлгүйгээр Оросоор зуучлуулан газрын тосныхоо тодорхой хэсгийг худалдаж эхэлнэ. Энэ тухай Оросын Эрчим хүчний сайд Александр Новак, Ираны Газрын тосны сайд Намдар Зангенетэй тохиролцсон аж. Иранаас нийлүүлэх газрын тосыг Евразийн эдийн засгийн холбооны гишүүн Казахстан, Беларусийн зах зээлд борлуулахаар төлөвлөжээ. Энэхүү нийлүүлэлтийн хэмжээ өдөрт 500 мянган баррелиэс хэтрэхгүй гэдгийг“Блүмберг” агентлаг Ираны сайдын мэдэгдэлд түшиглэн мэдээлсэн байна.

Сэтгэгдэл (0)