Японы эдийн засгийн өсөлт хурдасчээ
- 2015-06-10
- Дэлхий
- 0
Японы эдийн засгийн өсөлт энэ оны эхний гурван сард хурдасч, жилийн дүнгээр тооцоход 3.9 хувьд хүрснийг тус улсын Засгийн газраас мэдэгджээ. Энэ нь 2.4 хувиар өснө хэмээн таамаглаж байснаас өндөр үзүүлэлт юм. Харин улирлын дүнгээр тооцоход өсөлт нэг хувь хүрсэн нь 0.6-аар өснө гэсэн таамгаас илт давсан үр дүн юм. Үүнд хэрэглэгчид болон корпорациудын зардал нэмэгдсэн нь зохих нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал, корпорациудын хөрөнгө оруулалтын хэмжээ энэ хугацаанд 0.4 хувиар нэмэгдэнэ хэмээн өмнө нь таамагласан бол бодит өсөлт 2.7 хувьтай гарсан гэнэ. Гэсэн хэдий ч үйлдвэрлэлийн хэмжээ хэрэглээний түвшингээс хэт давснаас ийм дүн гарсан, ирэх улиралд эдийн засгийн өсөлт саарна гэж үзэх мэргэжилтэн олон аж. Дээр нь экспортын хэмжээ, төсвийн зардлын өсөлт бага хэвээр байна. Иргэдийн хэрэглээ Японы эдийн засгийн гуравны хоёрыг бүрдүүлдэг боловч эхний улиралд дөнгөж 0.4 хувиар өссөн нь иргэд ихээхэн мөнгөн хуримтлалтай хэрнээ түүнийгээ зарцуулах сонирхолгүй байгааг илтгэжээ. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурсан нь Японы Төв банкнаас хямд мөнгөний бодлого явуулж, инфляцийг жилийн хоёр хувьд хүргэх зорилтод саад болж буй юм. Гэвч тус банкны захирагч Харухико Курода итгэлцлийг сэргээх нь нэн шаардлагатайг өгүүлсэн байна. “Бидэнд хэрэгтэй зүйл бол эерэг хандлага, итгүүлэх явдал юм” хэмээн өнгөрсөн долоо хоногт бага хурал дээр үг хэлэхдээ өгүүлжээ.

Сэтгэгдэл (0)