М.Мурсид оноосон цаазын ялыг шүүх баталгаажуулав
- 2015-06-18
- Дэлхий
- 0
Египетийн шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Мохаммед Мурсид оноосон ялын дээд хэмжээг баталгаажуулжээ. Шүүхээс М.Мурсид өнгөрсөн тавдугаар сарын16-ны өдөр цаазын ял оноосон. Түүнийг2011 оны нэгдүгээр сард Каир хот дахь шорон руу довтолж, М.Мурси болон“Исламын ахан дүүс” хөдөлгөөний зарим удирдагчийг чөлөөлсөн хэрэгт буруутай гэсэн тогтоолыг шүүхээс баталсан юм. Египетэд цаазын ялыг тус улсын шашны тэргүүн муфтий баталж, хүчин төгөлдөр болдог журамтай. Муфтий шийдвэрийг баталсны дараа ч гэсэн ялтан давж заалдах боломжтой аж. Египетэд 2011 онд“Арабын хавар” хэмээх үйл явдал өрнөсөн. Энэ үеэр шоронгоос олон тооны хоригдол оргуулсан хэргийг шүүхээр хэлэлцэж, нийт100 гаруй хүнд цаазын ял оноосон билээ. Мөн Каир хотын шүүхээс мягмар гаригт улс орноосоо урвасан, тагнуул хийсэн гэх хэргээр М.Мурсид бүх насаар нь хорих ял ногдуулсан юм. Ерөнхийлөгч асанг Палестины ХАМАС, Ливан дах “Хезболла” хөдөлгөөн болон Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгасан байна. Энэхүү хэргийн хүрээнд нийт 16 хүнд ялын дээд хэмжээ, 17 хүнд бүх насаар нь хорих ял оноосон аж. Харин М.Мурсиг дэмжигчид энэ бүхнийг улс төрийн жүжиг хэмээн дүгнэжээ.

Сэтгэгдэл (0)