Амстердамд 3D гүүр хэвлэж байна
- 2015-06-18
- Дэлхий
- 0
Голланд улс технологийн салбарт 3D хэвлэлтээрээ тэргүүлдэг орны нэг билээ. Тус улсын зохион бүтээгчид 3D үзэсгэлэн, технологийг жил бүр танилцуулдагаараа алдартай. Тухайлбал, энэ оны эхээр хүнсний 3D хэвлэгч, танилцуулсан юм. Мөн ясны ховор өвчтэй охинд зориулж гавлын яс хэвлэсэн байна. Голландын “Heij-mans”, “MX3D” компаниуд хамтран 3D хэвлэгч роботын тусламжтай явган хүний гүүр барих төслийг эхлүүлжээ. “MX3D” компанийн металь хэвлэгч робот нь зэвэрдэггүй ган, хөнгөн цагаан, хүрэл, зэс зэрэг ямар ч металийг хэвлэх шидтэй аж. Амстердамчууд технологийн энэхүү дэвшлийг сайшаан хүлээж авсан ч 3D гүүрний даацад эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Төслийн ахлагч Жорис Лаарман “3D гүүрээ 1680 онд барьсан гүүртэй зэрэгцүүлэн барьж байгаа нь өнгөрсөн, одоо үеийн технологийн хөгжлийг харуулах нэг ёсны зүйрлэл юм” гэжээ. Харин “MX3D” компанийн захирал Тим Гийртэнс “Хэвлэгч робот ашиглах нь технологит арга хэмжээ, шийдлийн хязгааргүй эрх чөлөөг олгодгийг харуулсан жишээ боллоо” гэсэн байна. Энэхүү 3D гүүр нь 2017 онд бэлэн болно гэж төслийг санаачлагчид үзэж байна. Амстердамын жуулчид болон оршин суугчид ирэх есдүгээр сараас эхлэн гүүр барьж буй газар очиж, хэрхэн төсөл боловсруулахыг ажиглах боломжтой болно.

Сэтгэгдэл (0)