Монголбанкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо
- 2015-05-25
- Үнэн
- 0

“Монголбанкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал-2015” болж өнгөрлөө. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус хуралд зургаан их дээд сургуулийн нийт 40 гаруй оюутны 20 гаруй бүтээл ирснээс хоёрдугаар шатны шалгаруулалтад арван илтгэл шалгарч эцсийн шатанд өрсөлдөв.
Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь эдийн засгийн чиглэлээр сурч буй оюутнуудын Монгол Улсын эдийн засаг, түүн дотроо мөнгөний бодлогын онол болон практик мэдлэгийг сайжруулах, оюутнуудын эрдэм шинжилгээний ажил хийх чадварыг хөхүүлэн дэмжихэд оршино.
Мөн тус хуралд Монгол Улсын их сургууль, Санхүү, эдийн засгийн дээд сургууль, Мандах бүртгэл дээд сургуулийн 3-4 ангийн оюутнууд оролцож, “Зээлийн багцын чанарын нэгдсэн түрүүлэгч индикатор”, “Тогтвортой эдийн засгийн бодлого, шийдэл”, “Эдийн засгийн болзошгүй хямралыг урьдчилан таамаглах нь”, “Өр ба эдийн засгийн өсөлт”, “Арилжааны банкны зорилтот зах зээлийг оновчтой тодорхойлох нь” зэрэг сэдвээр илтгэл тавив. Уралдааны тэргүүн байранд “Монгол Улсын гадаад худалдааны гравитацын загварын шинжилгээ” сэдвээр МУИС-ийн ШУС-ийн оюутан Б.Эрхэмбаяр, дэд байранд СЭЗДС-ийн оюутан О.Энхбаатар “Үндсэн бүрдлийн шинжилгээг ашиглан эдийн засгийн өсөлтийг таамаглах нь” сэдвээр, гуравдугаар байранд “Зээлийн багцын чанарын нэгдсэн түрүүлэгч индикатор” сэдэвт илтгэлээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан М.Маргадмөн нар тус тус шалгарлаа. Бусад долоон багийн хувьд эн тэнцүү өрсөлдөж Монголбанкны нэрэмжит тусгай шагналын эзэд болов.



Сэтгэгдэл (0)