Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо

Монголбанк хоёр шатлалт банкны систем бий болсон үеэс эхлэн Банкны хууль тогтоомжийн хүрээнд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 1991 онд 50 сая төгрөгөөр анхлан тогтоож, эдийн засгийн багтаамж, харилцагч, хадгаламж эзэмшигч, зээлдэгчийн санхүүгийн хэрэгцээ, шаардлага, банкны эрсдэл даах чадвах зэргийг харгалзан тухай бүр нэмэгдүүлж байсан. Энэхүү бодлогын арга хэмжээний үргэлжлэл болгон 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Монголбанкны Ерөнхийлөгчийн А-58 дугаар тушаалаар уг хэмжээг 50 тэрбум төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо. Манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн, банкны системд төвлөрсөн хөрөнгө, зээлдэгчдийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн цар хүрээ тэлснээс үүдэн банкны үйл ажиллагааны анхдагч эх үүсвэр болох хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх замаар системийн эрсдэл даах чадварыг сайжруулах, томоохон зээлдэгчийн санхүүгийн хэрэгцээг тухайн банк бие даан санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлэх шаардлага тулгараад байсан юм. Манай улсын нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2010 оноос хойш 2.1 дахин, банкны системийн актив, татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ тус бүр 3.4 дахин өссөн бол банкны хувь нийлүүлсэн хөрөнгө энэ хугацаанд 2 дахин нэмэгдсэнээс харахад банкны хувьцаа эзэмшигчийн хөрөнгө нь банкны үйл ажиллагааны өсөлтөөс хоцорч байна. Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлд заасны дагуу банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлснээр хувь нийлүүлэгчдийн санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх, эдийн засгийн хүндрэлийн үед системд эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх, банкны эрсдэл даах чадварыг сайжруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээ юм. Түүнчлэн энэхүү арга хэмжээ нь манай орны банкны салбарын өөрийн хөрөнгийн бүтцийг олон улсад түгээмэл мөрдөгдөж буй шаардлага, стандартад нийцүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж Монголбанк үзсэн болно. Харин энэхүү зорилтыг биелүүлэх хугацааг эдийн засгийн нөхцөл байдал, банкны төлбөрийн чадвар, үйл ажиллагааны онцлог, систем дахь өрсөлдөөний хандлагыг харгалзан банк бүрээр харилцан адилгүй тогтоож, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг эцсийн хугацаа байхаар шийдвэрлэсэн болно. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)