АНУ, КУБЫН “ХҮЙТЭН” харилцаа төгсгөл болов
- 2015-07-22
- Дэлхий
- 0

АНУ Куба хоёр улс жаран жилийн турш сөргөлдөөнтэй байсны эцэст дипломат харилцаагаа дахин сэргээж эхэллээ. Куба улс Вашингтон дахь төлөөлөгчийн газартаа улсынхаа далбааг мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлжээ. Энэ өдөр АНУ-д ажиллаж, амьдардаг кубачууд Төрийн далбаагаа барин баярын жагсаал хийжээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Дэд Ерөнхийлөгч Жо Байдан нар Раул Кастрод баярын цахилгаан илгээсэн байна. АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга Жон Керри Вашингтон хотноо суух Элчин сайдыг хүлээн авч уулзсан аж. “Вашингтоны тэнгэрт Кубын далбаа мандаж, Элчин сайдын яамаа дахин нээсэнд баяртай байна. Энэ бол хоёр орны хувьд түүхэн өдөр. Удаан хүлээсэн бидний гадаад харилцаа сэргэлээ. Бид өнөөдрийг хүртэл тулгамдсан асуудалтай нүүр тулан ярилцалгүй утасны цаанаас эсвэл гуравдагч орноор дамжуулан шийдэлд хүрч байв. Элчин сайдын яамаа харилцан нээснээр эдгээр төвөгтэй асуудалд цэг тавих болно” гэжээ. Тэрбээр ирэх сарын 14-нд Куба улсад айлчлах болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Энэ нь 1945 оноос хойшхи АНУ-ын Төрийн Нарийн бичгийн даргын анхны айлчлал юм байна. Кубын нийслэл Гаванад байрлах АНУ-ын төлөөлөгчийн газрыг Элчин сайдын яам болгон өргөжүүлэх болсныг энэ сарын 20-нд мэдэгдсэн билээ. Ийнхүү Элчин сайдаа харилцан солилцож буй нь хоёр орны дипломат бодлогод “Дулаарлын үе” эхэлснийг гэрчилж байгаа юм. Элчин сайдын яамыг байгуултал төлөөлөгчийн газарт АНУ-ын Төрийн далбааг мандуулахгүй ба Төрийн нарийн бичгийн дарга Жон Керриг Кубад айлчлах үеэр мандуулахаар тохиролцсон байна. Хоёр улс 1959 оноос хойш худалдааны хориг арга хэмжээ, гадаад бодлогоороо сөргөлдөж, дайсагнасан харилцаагаа сайжруулна гэдэг амаргүй болохыг шинжээчид онцолж эхэллээ. “CNN” агентлагийн тоймчдын үзсэнээр хоёр орны хамтын харилцааны хөгжилд харилцан итгэлцэл чухал нөлөө үзүүлэх аж. АНУ-ын Төрийн департамент Куба улсад суух Элчин сайдаа өнгөрсөн даваа гаригт томилсон байна. Энэхүү хариуцлагатай албан тушаалд Жеффри Делорентосыг томилжээ.

Сэтгэгдэл (0)