Ж.Керри: Ираны хэлэлцээр бүтэлгүйтвэл доллар үнэгүйднэ

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Ираны цөмийн хөтөлбөрийн талаар хийсэн гэрээнээс татгалзсан тохиолдолд үүсч болзошгүй эрсдэлийн тухай тайлбарлажээ. Гэрээ хэрэгжих боломжгүй болбол ам.доллар үнэгүйдэж, АНУ-ын холбоотнууд Украины асуудалд дэмжлэг үзүүлэхээ болино гэж үзсэн байна. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хийсэн хэлэлцээрт оролцогч талууд өнгөрсөн долдугаар сард гэрээний зүйл заалтуудыг тохиролцсоноор АНУ-ын Конгресс уг баримт бичгийг батлах эсэх шийдвэрээ ирэх сарын17-ноос өмнө гаргах ёстой юм. АНУ-ын хууль тогтоогчдын нэлээд хэсэг нь Ирантай байгуулах гэрээ нь тус улсыг цөмийн зэвсэг боловсруулах үйл явцыг зогсоож чадна гэдэгт эргэлздэг тул Конгресс дэх санал хураалт амаргүй болох нь тодорхой аж. Ж.Керри тэргүүтэй Төрийн департаментынхан Ирантай гэрээ байгуулах ажилд нэлээд хүчин чармайлт гаргасан. “Ройтерс” агентлагаас Нью-Йорк хотноо зохион байгуулсан тусгай арга хэмжээний үеэр Ж.Керри Ираны тухай асуудал нь дэлхийн нийтийг хамарсан бусад асуудал, тухайлбал мөнгөний тогтолцоотой хэр хамааралтай болохыг ухуулсан байна. Ж.Керри Ираны эрх баригчидтай байгуулсан гэрээнээс татгалзвал ам.доллар нь дэлхийн нөөц валютын байр сууриа алдана гэдгийг хэлжээ. Мөн гэрээнээс татгалзсаны уршгаар Ираны эсрэг хүч хэрэглэх шаардлага тулгарах үед АНУ-ыг холбоотнууд нь дэмжихгүй байх магадлалтай гэнэ. Ам.доллар байр сууриа алдах үйл явц нэг өдрийн дотор болохгүй гэдгийг Ж.Керри тайлбарласан байна. Гэвч Орос, Хятад хоёр Украин дахь үйл явдалтай холбоотойгоор дэлхийд нөөцийн валют ганцхан байгааг өөрчлөхөөр ажиллаж буйг дурджээ. Австрийн нийслэл Вена хотноо өнгөрсөн сарын14-ний өдөр Ираны цөмийн хөтөлбөрийн тухай бүх талыг хамарсан хамтарсан төлөвлөгөө нэртэй багц баримт бичгийн заалтуудыг хэлэлцээрт оролцогч талууд тохиролцсон юм. Энэ гэрээний дагуу Иран улс ирэх15 жилийн хугацаанд зэвсгийн плутоний үйлдвэрлэхгүй гэсэн үүрэг хүлээж, 3.67 хувь хүртэл баяжуулсан плутонийг 300 кг-аас дээш хэмжээгээр өөрийн мэдэлд хадгалахгүй гэснээс гадна цөмийн байгууламжуудаа өөрчилж, зөвхөн энхийн зорилгоор ашиглах юм. МАГАТЭ-ийн олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг шинжээчид энэ үйл явцыг ирэх25 жилийн хугацаанд хянана. Үүний хариуд Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг ээлж дараалан цуцлах аж. Зэвсгийн худалдаанд тавьсан хоригийг дахин таван жил, баллистик пуужингийн технологи шилжүүлэх талаар хоригийг ирэх найман жилийн хугацаанд мөрдөх юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)