А.Лукашенко 70 шуудай төмс хураажээ
- 2015-08-18
- Дэлхий
- 0

Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко бага хүү, туслахуудынхаа хамт амралтын өдрөөр албан өргөөнийхөө дэргэдэх талбайгаас70 шуудай төмс хураажээ. “18 сот талбайг цаг хагасын дотор хураалаа. Хураасан төмсөө удахгүй хүүхдийн болон ахмадын асрамжийн газруудад өгнө” хэмээн Ерөнхийлөгч хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Мөн Ерөнхийлөгчийн албан өргөөний дэргэд тарьсан тарвас, амтат гуа хурааж эхэлсэн гэнэ. А.Лукашенко хүүгээ түлээ хагалж, өвс хадах зэрэг эр хүнд шаардлагатай эрдэмд сургана гэдээ өнгөрсөн сард ярьсан юм. “Би хүүхдүүдээ хүн болоосой гэж хүсдэг. Том хүү нарын минь чаддаг бүхнийг бага нь чаддаг байгаасай гэж хүсдэг. Хүү минь чадаж байгаа ч миний хэмжээнд түлээ хагалж, өвс хадаж сураагүй байна. Харин эр хүнд энэ чадвар хэрэгтэй” гэжээ. Нэг сарын өмнө Францын жүжигчин Жерар Депарьде А.Лукашенкогийн урилгаар тус улсад ирж, Ерөнхийлөгч өргөөнийхөө гадна талбайд өвс хэрхэн хадахыг түүнд зааж өгсөн билээ. Тухайн үед тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлж таарсан юм. Беларусь улсыг 1994 оноос хойш тасралтгүй удирдаж буй А.Лукашенкогийн дөрөв дэх бүрэн эрхийн хугацаа ирэх аравдугаар сард дуусна. Түүнийг дахин нэр дэвшүүлэхийг дэмжигчид гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.

Сэтгэгдэл (1)
(112.72.13.65)
Мужик.