А.Меркель Грекийн өрийн дарамтыг хөнгөлөхийг дэмжив

 

Германы канцлер А.Меркель Грекийн өрийн нэг хэсгийг хүчингүй болгохыг эсэргүүцсэн ч төлбөрийн дарамтыг хөнгөлөхийг дэмжжээ. Канцлер тус улсын ZDF телевизийн сувагт ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгдсэн байна. А.Меркель Грекийн эрх баригчдын хувьд зөвхөн өрөө төлөх хугацааг сунгуулах эсвэл хүүгийн хэмжээг бууруулах боломжтойг хэлсэн аж. Германы канцлер Грект санхүүгийн тусламж үзүүлэх арга барилд шүүмжлэлтэй ханддаг боловч тус улс эдийн засгийн хямралаас гарч чадна гэдэгт найдаж байгаагаа илээрхийлжээ. Гэхдээ үүний тулд Грекийн эрх баригчид олон улсын зээл олгогчидтой байгуулсан гэрээний заалтуудыг биелүүлэх ёстой гэнэ. Мөн ОУВС ирэх аравдугаар сард зээл олгох хөтөлбөрт нэгдэнэ гэдгийг хэлсэн байна. ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард Европын холбоооноос Грект тусламж үзүүлэхээр болсныг дэмжиж буйг өнгөрсөн ням гаригт мэдэгдсэн боловч өрийн дарамтыг хөнгөлөх шаардлагатайг өгүүлсэн юм. Сангийн тэргүүн Грек улс зээл, зээлийн хүүгээ бие даан барагдуулах боломжгүйг хэлжээ. Европын холбооны гишүүд өнгөрсөн долоо хоногт Грект санхүүгийн тусламж үзүүлэх гурав дахь хөтөлбөрийг сайшаасан билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Грект ирэх зургаан жилийн хугацаанд 86 тэрбум евро олгоно. Энэхүү санхүүжилтийн эхний хэсгийг энэ сарын 20-ний өдөр шилжүүлэх бололтой. Европын тогтворжуулах механизмын (ESM) хүрээнд хэрэгжүүлэх шинэ хөтөлбөрөөр олгох уг зээлийг Грек улс32.5 жилийн хугацаанд эргэн төлөх учиртай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)