“Tоёота” компани үйлдвэрлэлээ зогсоожээ
- 2015-08-19
- Дэлхий
- 0

Хятадын Тяньжиний боомтод энэ сарын 12-ны өдөр болсон дэлбэрэлтийн дараа ойролцоо орших гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниуд үйл ажиллагаагаа зогсоожээ. Боомтын талбайд “Фольксваген”, “Tоёота”, “Хьюндай”, “Рено” маркийн хэдэн мянган автомашин галд өртөж, зөвхөн төмөр сэг үлдсэн байна. Ослын дараа “Tоёота”, “Жон Дийр”(John Deere) компаниуд үйлдвэрлэлээ зогсоож, “Панасоник”, “Сингамакс контейнер холдинг” зэрэг олон компанийн үйл ажиллагаа тасалдсан аж. “Жон Дийр” үйлдвэрлэлээ тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Мөн “Рено” компанийн Хятадад импортоор оруулж ирсэн 1500 гаруй автомашин нь шатсаны улмаас найм, есдүгээр сард автомашиных нь нийлүүлэлт буурч болзошгүйг төлөөлөгч нь өгүүлсэн бол “Рено” компанийн 2700 гаруй автомашин эвдэрсэн аж. Ослын газарт хэдэн зуун тонн химийн хортой бодис байх магадлалтай тул ойр орчимд нь оршин суудаг иргэдийг нүүлгэн шилжүүлснийг эрх баригчид мэдээлсэн билээ. Ослын үеэр “Tоёота” компанийн 50 гаруй ажилтан бэртэж шархадсаныг компанийн төлөөгч мэдээлсэн юм. Дэлбэрэлт үйлдвэрийн ажилтнууд амарч байх үеэр болсон тул боомтод ойр орших үйлдвэрлэлд шууд нөлөөлөөгүй аж. Гэвч нүүлгэн шилжүүлэх ажил явж буйтай холбоотойгоор жилдээ 530 мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай гурван шугамаа лхагва гариг хүртэл зогсоосон гэдгийг өгүүлсэн байна. ХАА-н машин техник үйлдвэрлэгч “Жон Дийр” компанийн хувьд ажилтнууд нь шархдаж, үйлдвэрийн зарим барилга нь дэлбэрэлтэд өртөж, цонх хаалга нь эвдэрсэнээс үйлдвэрлэлээ тодорхой бус хугацаагаар зогсоожээ. Тяньжинд үйл ажиллагаа явуулж, сардаа дөрвөн “А-320” онгоц угсардаг “Эйрбус” компанийн үйлдвэр осолд өртөөгүй байна. Энэ нь Европ тивээс өөр газар байгуулсан “Эйрбус” компанийн цорын ганц угсрах үйлдвэр аж. Тяньжиний боомт нь Хятадад шинээр байгуулсан худалдааны томоохон чөлөөт бүсийн нэгт оршиж, тус бүсийн хувьд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ослын улмаас боомт 85 хөлөг онгоц хүлээн авахаа хойшлуулж, заримыг өөр боомт руу илгээжээ. Ослын үр дагаврыг арилгах болон зохион байгуулалтын ажил гүйцэтгэсний үр дүнд боомтын үйл ажиллагаа бүхэлдээ сэргэж буйг Хятадын эрх баригчид мэдээлжээ. Боомтын агуулахад болсон цуврал дэлбэрэлтэд нийт 112 хүн амь насаа алдаж, 95 хүн сураггүй болсон юм. Тухайн үед химийн хортой бодис хадгалдаг агуулах дэлбэрч түймэр дэгдсэн. Дэлбэрэлтийн дараа уг газарт 700 тонн цианид натрий дэгдсэнийг тогтоосон байна. Энэ бодис галд шатдаггүй ч хүний эрүүл мэндэд туйлын хортой. Агуулахад цианид натрийгаас гадна галын аюултай кальцийн карбид болон тэсрэх бодис хийхэд ашигладаг аммонийн нитрат, калийн нитрат зэрэг бодис хадгалж байжээ. Хятад улс нь ажлын байран дахь осол эндэгдлийн тоогоор дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг юм. Тухайлбал, Хятадын Статистикийн хорооны мэдээллээс үзэхэд нийт 1.3 тэрбум хүн амтай тус улсад өнгөрсөн онд нийт 68061 буюу нэг өдөрт дунджаар 186 хүн амь насаа алдсан байна. Мөн онд дэлхийн хэмжээнд 350 мянган хүн нас баржээ. Энэ нь ажлын байрандаа амиа алдсан таван хүн тутмын нэг нь Хятадад осолдсоныг илтгэж буй юм. Хятадад аюулгүй ажиллагаанд бага анхаарч, үйлдвэрлэлийн бүтээмж, ашгийг нэн тэргүүнд тавьж, чанаргүй техник хэрэгсэл ашигласнаас осол олноор гардаг. Хятадын нийгэм эдийн засгийн загвар нь ДНБ-ийн өсөлтийг өндөр хэмжээнд барьж, ажлын байр олноор бий болгон ядуурлыг бууруулахад чиглэдэг. Энэ байдлыг халж, хуулийг чандлан сахиулах шаардлага тулгарч буй ч үүний тулд үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хангахад их хэмжээний хөрөнгө зарцуулах нь эдийн засгийн өсөлтийг сааруулах эрсдэлтэйг ажиглагчид өгүүлдэг билээ.
Д.Мөнх

Сэтгэгдэл (0)