Европын орнууд цагаачдад дарагдлаа

 

Өнгөрсөн сард Европын холбооны орнуудын хилээр нийт 107500 цагаач иргэн нэвтэрснийг тус холбооны хилийн агентлагаас(Frontex) мэдээлжээ. Frontex-ийн мэдээллээс үзэхэд хилээр нэвтэрсэн цагаачдын тоо гурван сар дараалан 100 мянгаас давсан нь өнгөрсөн онтой харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт юм. Тухайлбал, өнгөрсөн онд нийт 280 мянган цагаач бүртгэж байсан бол энэ оны эхний хагаст 340 мянга болж өссөн байна. Энэ хүндрэлийг даван туулахын тулд Европын холбооноос гишүүн орнууддаа 2.4 тэрбум евро олгохоор төсөвтөө тусгажээ. Цагаачдын нэлээд хэсэг нь Сири, Ирак, Афганистан дахь дайны хөлөөс дайжин Итали, Грек, Балканы хойгийн орнуудаар дамжин Герман, Их Британи зэрэг амьдралын төвшин дээгүүр орнуудыг зорьдог. Унгарын эрх баригчид цагаачдын урсгалыг хязгаарлахын тулд эрс шийдмэг алхам хэрэгжүүлж, Сербитэй залгаа хилийн дагуу өндөр хашаа барьж, цагдаагийн эргүүл гаргаж эхэлсэн байна. Грекийн эрэгт зөвхөн өнгөрсөн долоо хоногт21000 цагаач газардсаны дараа тус улсын эрх баригчид Европын холбооны түншүүддээ хандан энэ байдлыг шийдвэрлэх цогц бодлого боловсруулахыг уриалсан аж. Британийн арлыг зорьж Францын Кале хотноо цугларсан цагаачдын асуудлыг шийдвэрлэх зорилгоор хоёр орны эрх баригчид гэрээ байгуулна гэдгээ өмнө нь мэдэгдсэн билээ. Германд энэ онд орогнол хүссэн иргэдийн тоо 450 мянгад хүрнэ хэмээн таамаглаж байсан бол одоо энэ тоо 750 мянга давна хэмээн тооцоолох болжээ. Харин 1992 онд Боснид иргэний дайн ид өрнөж байхад энэ тоо 480 мянгад хүрч, тухайн үедээ түүхэн амжилт тогтоож байсан аж. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Антонио Гутьеррес Европын бусад оронд хандан цагаачдыг мөн адил хүлээн авахыг уриалсан байна. Тэрбээр энэ арга барил хэтдээ илүү үр дүн авчирна гэж үзжээ. Германд цагаачдыг байрлуулах орон байр хүрэлцэхгүйгээс майхан хотхон барих юмуу спорт заалуудад хаалт барин тохижуулдаг болсон аж. Гэвч цагаачдыг орон нутгийн иргэд тэр бүр найртай хүлээж авдаггүйгээс хэд хэдэн газар мөргөлдөөн гарсан тухай мэдээлж байв. Иргэд оршин суугаа нутагт нь исламын шашин түгэхээс эмээж, цагаачдыг суурьшуулж буйг эсэргүүцэж буйгаа илэрхийлдэг болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.194.223)

    2015-08-20

    ЗӨВ ШҮҮ