А.Лукашенко сөрөг хүчний удирдагчдыг шоронгоос суллажээ
- 2015-08-24
- Дэлхий
- 0

Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко тус улсын шоронд хоригдож байсан сөрөг хүчний хэд хэдэн удирдагчийг өршөөх зарлиг баталжээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлж байсан Николай Статкевич эрх чөлөөтэй болсон байна. Ерөнхийлөгчийн өмнөх сонгуулийн өдөр буюу 2010 оны арванхоёрдугаар сарын 19-нд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулах үеэр цагдаа нар түүнийг зодож, баривчилсан аж. Олныг хамарсан эмх замбараагүй байдал өдөөсөн гэх үндэслэлээр түүнд зургаан жил хагас хорих ял оноосон билээ. А.Лукашенко олон жилийн хорих ял авсан анархист үзэлтэй тус улсын хэд хэдэн иргэнийг өршөөсөн тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Тэдгээр иргэд 2010 онд Беларусь дахь ОХУ-ын Элчин сайдын яамны байр руу халдан довтолсон аж. Мөн цээжин дээрээ“Лукашенко зайл” гэсэн бичиг шивүүлсэн Ю.Рубцов хэмээх хижээл настай жолооч эр эрх чөлөөтэй болжээ. Олон улсын хүний эрхийн байгууллагууд, Европын холбоо, АНУ-ын эрх баригчид тус улсын эрх баригчдыг улс төрийн шалтгаанаар хоригдож буй иргэдээ суллахыг шаарддаг. Беларусийн Ерөнхийлөгчийн сонгууль ирэх аравдугаар сарын 11-ний өдөр болно.

Сэтгэгдэл (1)
(103.26.193.14)
Элбэгшанзавтай л адилхан юм байна. Ккккккк