Жо Байден сонгуульд нэрээ дэвшүүлж магадгүй

 

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден ирэх онд болох Төрийн тэргүүний сонгуульд нэрээ дэвшүүлэхээ ирэх аравдугаар сард зарлаж болзошгүйг “СиЭнЭн” агентлагаас мэдээлжээ. Жо Байден Ерөнхийлөгч Б.Обаматай ажил хэргийн чанартай үдийн зоог барих үедээ ирэх сонгуульд нэрээ дэвшүүлж магадгүйгээ хэлснийг Ардчилсан нам дахь нөлөө бүхий албан тушаалтан тус агентлагт ярьсан байна. Б.Обама түүнд саад болохгүй гэдгээ хэлсэн ба Жо Байден эцсийн шийдвэрээ гаргаагүй аж. Дэд Ерөнхийлөгч одоогоор мэргэжилтнүүд, тухайлбал Б.Обама сонгуулийн штабт ажиллаж байсан хүмүүсээр багаа бүрдүүлж эхэлснээс гадна Ардчилсан намын гол хандивлагчдыг урьж, ирэх есдүгээр сард уулзахаар болжээ. Жо Байден ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд Б.Обамагаас албан ёсоор зөвшөөрөл авах шаардлагагүй боловч Ерөнхийлөгчийн хүрээ ний хүмүүстэй ажлаа зохицуулах шаардлага тулгарна. Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх сунгаанд Ардчилсан нам дотор анхнаасаа Хиллари Клинтоныг тэргүүлнэ хэмээн үзэж, Конгрессын гишүүн тус намын нөлөө бүхий улстөрчид түүнийг дэмжихээ илэрхийлсэн байна. Мөн Ардчилсан намаас нэр дэвших боломжтой хэд хэдэн улстөрч Төрийн нарийн бичгийн дарга асанг үнэмлэхүй ялалт байгуулна хэмээн тооцож, нэрээ дэвшүүлэхээс түдгэлзсэн ч сүүлийн үед Хиллари Клинтон бүтэлгүйтэж эхэлсэн аж. Тухайлбал, Төрийн нарийн бичгийн дарга ахуйдаа хувийн цахим шуудангийн хаягаа ашиглан улсын нууц мэдээлэл илгээдэг байсныг аяндаа мартана гэж тооцсон нь талаар болжээ. Холбооны мөрдөх товчоо хэргийг сүүлийн долоон сарын хугацаанд шалгах явцад улам олон хууль бус үйлдэл, гаргасан гэх сэжиг таамаг илэрсэн байна. Мөрдөгчид Х.Клинтоныг хамгаалалтгүй сувгаар захидал харилцаагаа хөтлөхдөө нууц мэдээлэл дамжуулсан эсэх, дамжуулсан бол энэ үйлдэл нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн эсэх зэрэг олон асуултад хариу өгөх шаардлагатай. Гэсэн хэдий ч энэ тухай сонсч буй ард иргэд, хэвлэл мэдээллийнхний хувьд Х.Клинтон хуучны алдаа дутагдлаа хүлээх чадваргүй, үнэнийг дарагдуулж, өөрийгөө хуулиас дээгүүр тавьдаг гэх сэтгэгдэл төрүүлжээ. Үүний уршгаар нэр хүнд нь тасралтгүй унаж, түүнийг“Хэт бие тоосон” хэмээн нэрлэх болжээ. Тухайлбал, “СиЭнЭн” сувгаас хэнд саналаа өгөх нь тодорхой болоогүй, цаашид Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгийг тодорхойлох мужуудад явуулсан санал асуулгаас үзэхэд сонгогчдын60 гаруй хувь нь Х.Клинтоныг шударга, итгэл хүлээлгэж болохуйц хүн гэж үзэхгүй байна. Х.Клинтон болон түүний штабын гишүүдийн гаргаж буй алдааг харж буй ажиглагчид Ардчилсан намаас хэн шалгарах нь тодорхой биш гэж дүгнэх болжээ. Цахим шуудантай нь холбоотой дуулиан Х.Клинтоныг нэрээ дэвшүүлэхэд нь ноцтой саад болох магадлалтай. Энэхүү шинэ нөхцөлд түүнтэй өрсөлдөх нь утгагүй гэж хэдэн сарын өмнө тооцож байсан Жо Байден бас ялах магадлалаа тооцож эхэлсэн аж. Х.Клинтоны сонгуулийн штабынхны өөр нэг алдаа нь Ардчилсан намын гишүүн Сенатын гишүүн Бернард Сандерсыг анхаараагүйд оршино. Түүнийг илт хүчтэй нэр дэвшигч гэж анхаасаа хэн ч таамаглаагүй аж. Төрийн нарийн бичгийн дарга асан одоогоор дэмжигчдийн тоогоор Б.Сандерсээс түрүүлж яваа ч итгэл төгөлдөр ялна гэх шинж тэмдэг харагдахгүй байгаагаас Арчилсан намаас нэр дэвших боломжтой бусад улстөрчдөд дохио болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)