Бухарестын Мэрийг авлигын хэргээр баривчилжээ

 

Румыны нийслэл Бухарест хотын захирагч Сорин Опрескуг авлигын хэргийн хүрээнд гэрээс нь баривчлан саатуулжээ. 2008 оноос хойш хотын захирагчийн албан тушаалд хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй түүнийг хотын захиргааны захиалгаар гэрээт ажил гүйцэтгэдэг компаниудаас хувь хүртдэг байсан хэмээн сэжиглэсэн байна. Түүнийг компаниудаас гэрээний дүнгийн 10 хувийг шаарддаг байсан хэмээн прокурорууд мэдэгдсэн бол С.Опреску үгүйсгэсэн аж. С.Опрескуг эхний ээлжинд 24 цагаар баривчилсан ч прокурорын байгуулага түүнийг нэг сарын хугацаагаар саатуулахаар хөөцөлдөж буй гэнэ. Хотын удирдлагаас ажил гүйцэтгэх эрх олж авсан компаниуд ашгийнхаа 70 орчим хувийг авлигад өгч, үлдсэн 30 орчим хувийг л өөртөө үлдээдэг байсныг прокурорууд өгүүлсэн байна. “Үлдсэн хэсгийг нь хотын захиргааны ажилтнуудад хахууль хэлбэрээр өгч, 10 хувийг нь сэжигтэн С.Опреску өөртөө өгөхийг шаарддаг байсан” хэмээн прокурорын байгуууллагын албан ёсны мэдэгдэлд дурджээ. Хотын даргыг хууль сахиулах байгууллагын мэдээлэгчдээс авлига авах үйлдэл дээр нь саатуулсан байна. Харин С.Опрескугийн өмгөөлөгч түүнийг шууд эсвэл дам хэлбэрээр хэн нэгнээс мөнгө шаардаж байгаагүй гэдгийг мэдэгджээ. Мөрдөгчид тус улсын Аюулгүй байдлын алба, цагдаагийн тусгай албаныхны оролцоотойгоор Бухарестын дагуул 13 хот, хэд хэдэн муж дахь хуулийн этгээдүүдийн байранд нэгжлэг хийж буй аж. Хотын захирагчийг тус улсад эрх барьж буй Социал демократ нам дэмждэг байна. Одоо 63 настай С.Опреску нь 2000-2009 онд тус улсын Сенатын гишүүний алба хашиж, 2009 онд Ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлж байжээ. Сүүлийн үед Румыны томоохон улстөрчдтэй холбоотой олон дуулиан гарчээ. Тухайлбал, саяхан өндөр албан тушаал хашдаг хэд хэдэн төрийн түшмэлийг авлигын хэрэгт буруутган огцруулсан аж. Уг хэргийг мөрдөх явцад Ерөнхий сайд Виктор Понтаг авлигын хэд хэдэн хэрэгт буруутгасан нь олон нийтийн анхааралд өртсөн юм. Хуулийн байгууллагууд Румыны Ерөнхий сайдыг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, татвараас зайлсхийсэн, өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа мөнгө угаасан гэх хэрэгт яллахаар зэхэж буйг тус улсын Авлигатай тэмцэх газраас мэдээлжээ. Энэ дуулиан дэгдсэний дараа Виктор Понта Социал демократ намын тэргүүний ажлаа хүлээлгэн өгсөн ч тэрбээр гэмт хэрэг үйлдсэн гэдгээ үгүйсгэжээ. Мөн сөрөг хүчнийхэн түүнийг огцрохыг шаардаж буйг ойшоолгүй Ерөнхий сайдын албыг хашсаар байгаа юм. Энэхүү авлигын хэргийн улмаас Румыны төр засгийн нэр хүнд дэлхий нийтэд нэлээд буурсан. Тухайлбал, “Транспэренси интернэйшнл” байгууллагын рейтингэд орсон 175 орноос Румын 69-д эрэмбэлэгдсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)