Ан Сан Су Чи чөлөөт, шударга сонгууль явуулахыг уриалав
- 2015-09-09
- Дэлхий
- 0

Мьянмарын сөрөг хүчний удирдагч Ан Сан Су Чи парламентын сонгуулийн кампанит ажлаа эхлүүлснээ өчигдөр албан ёсоор зарласан тухай “Ройтерс” агентлагаас мэдээллээ. Энэ удаагийн парламентын сонгууль нь цэргийн дэглэм төрийн эрхээ хүлээлгэж өгснөөс хойш болж буй анхны чөлөөт сонгууль болох учиртай. Ан Сан Су Чи энэ үйл явдал тус улсын хувьд шийдвэрлэх үүрэгтэйг өгүүлж, дэлхийн хамтын нийгэмлэгт хандан сонгуулийн үйл явцыг ажиглахыг уриалсан байна. Ардчиллын үндэсний лиг нам (АҮЛН) фейсбүүк хуудсандаа тавьсан дүрс бичлэгт Нобелийн шагналт сөрөг хүчний удирдагч эмэгтэй ирэх арваннэгдүгээр сарын 8-ны өдөр болох сонгуулийг чөлөөт, шударга зарчмаар явуулах шаардлагатайгаас гадна үүний дараах шилжилтийн үе нэн чухал үүрэгтэйг хэлжээ. АҮЛ намыг парламентын сонгуульд ялж, тус улсын улс төр дүр зургийг орвонгоор нь өөрчилнө хэмээн олон хүн хүсэн хүлээж буй юм. Мьянмарт өнгөрсөн хагас зуун жилийн турш засгийн эрх барьж, улс төрийн эрх мэдлийг хатуу хянаж байсан цэргийн дэглэм 2011 онд эрх мэдлээсээ татгалзсан билээ. АҮЛ нам нь 1990 онд болсон сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан ч цэргийн дэглэм үр дүнг нь хүлээн зөвшөөрөөгүй. “Олон жилийн дараа анх удаа амьдралаа өөрчлөх бодит боломж ард түмэнд тохиолоо. Бид энэ боломжийг алдах эрхгүй” хэмээн Ан Сан Су Чи өгүүлсэн байна. Тэрбээр “Шилжилтийн үеийг тайван давах нь чөлөөт, шударга сонгуулиасаа бараг чухал” хэмээн өмнө нь тулгарсан сорилтыг тайлбарлажээ. Ан Сан Су Чи “Сонгуулийн өмнөх үйл явц, сонгууль болон түүний дараах үйл явдлуудыг ажиглахад туслаарай” хэмээн дэлхийн хамтын нийгэмлэгт хандан уриалжээ. Мьянмарын Үндсэн хуулийн дагуу АҮЛ нам нь парламентын сонгуульд ялсан ч тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдох боломжгүй. Мөн Үндсэн хуулийг өөрчлөхийг оролдвол цэргийнхэн уг хуульд хориг тавих боломжтой аж. АҮЛ намын гол өрсөлдөгч нь цэргийнхний дэмжлэгтэйгээр засгийн эрх барьж буй Холбооны эв нэгдэл, хөгжлийн нам (ХЭНХН) аж. Хуучин дэглэмийн түшмэд, тэднийг дэмжигч бизнесийнхний төлөөлөл болох ХЭНХН нь 2010 онд болсон сонгуульд ялалт байгуулсан ч ажиглагчид саналын дүнг засварласан хэмээн буруутгажээ. Энэ удаагийн сонгуульд тус нам парламент нэлээд олон суудлаа алдана хэмээн таамаглаж буй юм. АҮЛ нам сонгуулийн кампанит ажлаа даруухан эхлүүлсан байна. Энэ өдөр АҮЛ намын удирдах албан тушаалтнууд Янгон хот дахь Ан Сан Су Чигийн гэрт цуглаж, ард түмэнд хандах илгээлтээ хэлэлцэх зуур намынх нь 30 гаруй идэвхтэн туг, лоозон барин ардчиллын уриа хашгирч, намын удирдах байрны гадна жагссан аж. Жагсагчид “Өөрчлөлт хийх цаг нь болсон” гэх уриа бичсэн зурагт хуудас тарааж байжээ. “Би улс орныхоо төрийн дээд удирдлагаас анхан шатандаа хүртэл бүх төвшинд өөрчлөлт гараасай гэж хүсдэг тул АҮЛ намын төлөө саналаа өгнө” хэмээн энэхүү жагсаалыг ажиглаж байсан энгийн иргэн ярьсан байна. Ан Сан Су Чи ирэх пүрэв гаригт тус улсын зүүн хэсэгт орших Кайа мужид дэмжигчидтэйгээ уулзахаар төлөвлөжээ. Ерөнхийлөгчийн ажлын албаны сайд тус улсын эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн Сое Тэйн энэ мужаас парламентын сонгуульд нэрээ дэвшүүлсэн аж. Ан Сан Су Чи энэ тойргоос сонгуулийн сурталчилгаагаа эх-лүүлж, Ерөнхийлөгчийн ойрын холбоотон болон ХЭНХН-ийг ялна гэдэгтээ итгэл төгөлдөр байгаагаа энэ үйлдлээрээ харуулахыг зорьж буй бололтой. Ирэх сон гуулиар хоёр танхим бүхий тус улсын парламентын гишүүд, орон нутгийн хуралд ирэх таван жилийн хугацаанд ажиллах төрийн түшээдийг сонгоно. “Парламент дахь хамгийн олон суудалтай нам гэхээсээ илүү Ерөнхийлөгч болон түүний захиргаа шинэчлэлийн үйл явцыг тодорхойлно” хэмээн Мьянмар дахь НҮБ-ын төлөөлөгчийн газарт ажиллаж байсан улс төрийн шинжээч Р.Хорси энэ тухай өгүүлсэн байна. Ардчиллын үндэсний лиг өөрийн нэр дэвшигчийг томилох хэмжээний олон суудал парламентад авч чадах эсэхээс олон зүйл шалтгаалах гэнэ. Гэвч олон нийтийн үзэл бодлыг үнэн бодитоор тусгасан санал асуулга явуулах боломжгүй нөхцөлд сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглах боломжгүй аж. Ан Сан Су Чийг 2010 онд болсон сонгуулийн өмнө гэрийн хорионд оруулж, нам нь сонгуульд оролцоогүй ч түүнийг зургаан хоногийн дараа сулласан байна. Гэсэн ч АҮЛ нам иргэний хэмээн нэр зүүсэн засаг захиргаанд орж, төр барилцахыг зөвшөөрч, 2012 онд болсон нөхөн сонгуулиар парламентын 43 суудал авсан аж. Тэр үед гадаадад ажил эрхэлдэг хоёр сая гаруй мьянмар иргэдийн хэдэн мянгаас бусдад нь сонгуульд оролцох боломж олгоогүй хэмээн саналаа өгч чадаагүй хүмүүс гомдоллож байжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)