А.Яценюк Чеченьд оросын эсрэг байлдаж байсан гэв
- 2015-09-10
- Дэлхий
- 0

Украины Ерөнхий сайд А.Яценюк 1994-1995 онд Чеченьд зэвсэгт дайчдын талд Оросын цэргийн эсрэг байлдаж байсныг тус улсын Мөрдөн байцаах албаны тэргүүн Александр Быстрыкин “Российская газета”-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. “Мөрдөн шалгах ажлын үр дүнгээс үзэхэд Арсений Яценюк нь 1994 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Грозный хотын Минутка талбай, 9-р эмнэлгийн дэргэд болсон хоёр тулаанд оролцсон нь тодорхой болсон” хэмээн тэрбээр ярьсан аж. Мөн А.Яценюк нь 1995 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Октябрьский дүүрэгт Оросын цэргийн албан хаагчдыг тамлан зовоож, буудан алахад оролцсон байна. Гэхдээ тэрбээр удалгүй хэсэг сэтгүүлчдийн дунд орж, Чечений нутгаас оргон зайлсан гэдгийг А.Быстрыкин ярьжээ. Тэрбээр А.Яценюкийг Оросын цэргүүдийг устгасныхаа төлөө Жохар Дудаеваас “Үндэсний нэр төр” хэмээх дээд шагнал авч байсан гэжээ. Харин Украины Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Оросын Мөрдөн байцаах албаны тэргүүнд сэтгэцийн эрүүл мэндээ шалгуулахыг зөвлөсөн байна. А.Яценюк 1974 оны тавдугаар сарын 22-ны өдөр төрж, 1994 онд Черновиц дэх үндэсний их сургуульд суралцаж байсныг Украины Засгийн газрын сайтад дурдсан аж. Суралцах хугацаандаа тэрбээр тухайн үед Черновиц мужийн захирагч байсан В.Гнатышины хүүтэй хамтарч “ЮрЭк Лтд” нэртэй хууль зүйн зөвлөлгөө өгөх компани байгуулжээ. Крым дэх үйл явдлын дараа ОХУ-ын Мөрдөн байцаах албанаас 2014 оны гуравдугаар сараас Украины Үндэсний ассамблей-Украины ардын өөрийгөө хамгаалах байгууллагын гишүүдийн эсрэг мөрдөн шалгах ажил эхлүүлсэн байна. Тус байгууллагын гишүүдээс нэлээд хэдэн хүнийг Чеченьд Оросын цэргийнхний эсрэг байлдаж байсан хэмээн үздэг ба хоёрынх нь хэргийг ирэх долоо хоногт Чеченьд шүүхээр хэлэлцэж эхэлнэ.

Сэтгэгдэл (0)