Жон Макафи АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
- 2015-09-11
- Дэлхий
- 0

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын томоохон бизнес эрхлэгчдийн нэг Жон Макафи нэр дэвшүүлнэ гэдгээ зарлажээ. Одоо 63 настай компьютерийн программ зохиогч Жон Макафи нэлээд өвөрмөц нэгэн аж. Тэрбээр өөрийн бүтээсэн вирусийн эсрэг прог раммаа өөрийн овгоор “McAfee” хэмээн нэрлэсэн ба 1990-ээд оны дундуур компанийнхаа хувьцааг худалдсан байна. Харин сүүлийн үед тэрбээр архи, хар тамхи хэрэглэсэн элдэв дуулиан нь хэвлэлийнхний анхааралд өртдөг болжээ. Бизнесмэнийг гэртээ хар тамхи, зэвсэг хадгалсан хэргээр 2012 онд баривчилж байсан ч ямар нэг ял тулгаагүй. Мөн 2012 онд Жон Макафиг Белиз улсад амьдарч байх үед тус улсын эрх баригчид хөршөө хөнөөсөн хэрэгтэй холбоотой хэмээн баривчилсан ч удалгүй суллажээ.
Тэрбээр энэ хэрэгт огт холбогдолгүй ба Белизийн хуулийнхан баримт нотолгоог хуурамчаар бүрдүүлсэн тухай мэдэгдсэн байна. Харин Белизийн Ерөнхий сайд Дин Барроу түүнийг ямар нэгэн эрүүгийн хэргийн хүрээнд шалгаагүй гэдгийг мэдэгджээ. Ерөнхийлөгч “Би энэ хүнд найрсаг бус хандахыг хүсэхгүй байгаа ч түүнийг параной юмуу галзуурах өвчний эмгэгтэй гэж бодож байна“ гэжээ. Үүний дараа Жон Макафи Гватемалаас улс төрийн орогнол хүссэн боловч тус улсын эрх баригчид түүнийг хууль бусаар хил нэвтэрсэн хэргээр баривчилж, АНУ-д шил-жүүлсэн байна. Жон Макафи компьютерийн вирусийн эсрэг программ хангамжийн зах зээлд анхдагчдын нэг юм. Тэрбээр 1987 вирусийн программтай тэмцэх кампанит ажил эхлүүлж, “McAfee Associates” компаниа байгуулжээ. Жон Макафи 1994 компаниа орхиж, түүнийг нь“Intel” компани 7.6 тэрбумаар худалдан авсан аж. Жон Макафигийн сонгуулийн кампанит ажлыг удирдаж буй нэгэн түүний байгуулж буй нам Кибер нам гэсэн нэр авна гэдгийг өгүүлсэн байна. Бизнесмэн сонгуулийн кампанит ажлаа танилцуулах веб хуудас нээж, түүндээ өөрийнхөө тухай болон ирээдүйн төлөвлөгөөгөө танилцуулахаар болсноо мэдэгдсэн байна.
Жон Макафи бие дааж нэрээ дэвшүүлэхээр болжээ. Тэрбээр “Манай улсын бүх хууль тогтоомжийг өдөржин шөнөжин дундаж хурдаар уншиж дуусгахын тулд надад 600 жил шаардагдана. Ийм олон хууль баталсан улсад бид амьдарч байна. Миний хувийн нууцад байнга халдаж, надад заналхийлэх дайсан нь би өөрөө биш гэдгийг хэлж байдаг Засгийн газрын ивээл дор амьдарч байна” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна. Мөн “Компьютерийн аюулгүй байдлын талаар огт мэдлэггүй хүмүүс улс орныг удирдаж буйг Засгийн газрын сайтад удаа дараалан халдсан үйл явдал харууллаа. Кибер терроризм бол дайн хийх арга юм. Засгийн газар маань хүчин мөхөсдсөн. Америкийн иргэн 300 сая хүн миний адил нөхцөл байдалд амьдарч байна” гэсэн байна.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
иргэн (202.170.71.92)
үл бүтэх нөхөр байна даа. Хэрвээ АНУ-ын Ерөнхийлөгч болбол ч юу ч хийж магадгүй хүн юм.