Цагаачдад зориулж Үндсэн хуулиа өөрчлөхийг санал болгов
- 2015-09-14
- Дэлхий
- 0

Европын холбооны Эрчим хүчний асуудал эрхэлсэн дээд комиссар Гюнтер Эттингер цагаачдад дүрвэгчийн статус олгох үйл явцыг түргэтгэхийн тулд Германы Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстойг мэдэгджээ. Тэрбээр хуульд өөрчлөлт оруулснаар цагаачдад дүрвэгчийн статус олгох эсэх шийдвэрийг шуурхай гаргахад хэрэгтэй гэдгийг тайлбарласан байна. Мөн Балканы орнууд зэрэг аюул занал харьцангүй багатай орны цагаачид Сири, Афганистанаас ирсэн иргэдтэй харьцуулахад ийм эрх олж авах боломж бага гэнэ. Өмнө нь Германы дэд канцлер, эдийн засгийн сайд Зигмар Габриэль тус улсын хүн ам хөгширч, зарим салбарт ажиллах хүч дутагдаж буй бэрхшээлийг арилгахад цагаачдын урсгал тусална хэмээн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр“Манайд ирж буй иргэдийг богино хугацаанд сургаж, ажиллуулж чадвал эдийн засагт тулгараад буй томоохон асуудал болох мэргэжилтэй боловсон хүчний хомсдолыг шийдвэрлэх боломжтой” хэмээн ярьсан байна. Сүүлийн саруудад Европыг зорих цагаачдын урсгал улам нэмэгдсэн. Тухайлбал, энэ он гарснаас хойш Африк, Ойрхи Дорнодын бүс нутгаас Европын холбооны орнуудад хууль бусаар нэвтэрсэн хүний378 мянга давсныг НҮБ-ын тоо баримтад тусчээ. Мөн ирэх хоёр жилийн хугацаанд Европт өмнөд зүгийн орнуудаас жил бүр ирэх цагаачдын тоо850 мянгад хүрэх магадлалтай аж. Гэвч энэ нь тус холбооны орнуудын квотын хэмжээгээс 25 дахин давсан тоо юм. Европын комисс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд холбооны гишүүн орнуудын хүн ам, эдийн засгийн хэмжээ, амьдралын түвшин зэрэг үзүүлэлтийг харгалзан цагаачдын квот тогтоож, хуваарилахаар төлөвлөжээ. Энэ квотын дагуу Франц улс цагаачдын14.7, Герман улс18.42 хувийг хүлээн авах үүрэг хүлээх юм.
Д.Болд

Сэтгэгдэл (0)