Умард Солонгосыг хиймэл дагуул хөөргөхийг эсэргүүцжээ
- 2015-09-16
- Дэлхий
- 0

Япон, Өмнөд Солонгосын эрх баригчид Умард Солонгосыг сансарт хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөнөөсөө татгалзахыг уриалжээ. Дээрх хоёр улс Умард Солонгосын талыг хиймэл дагуул хөөргөх гэж буйг өдөөн хатгалга хэмээн үзсэн байна. Өмнөд Солонгосын эрх баригчид хиймэл дагуул хөөргөх пуужинг баллистик пуужин туршиж буй үйлдэл хэмээн үзэхээ мэдэгдсан юм. Японы тал мөн адил байр суурь баримталж байгаагаа илэрхийлсэн байна. “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу Умард Солнонгосыг баллистик пуужингийн технологи ашиглахыг хориглосон. Хиймэл дагуул хөөргөх зорилготой хэмээн нэрлэсэн ч энэ нь тогтоолыг зөрчсөн үйлдэл мөн” хэмээн Японы Гадаад хэргийн сайд Фумио Кисида мэдэгджээ. Өмнө нь Умард Солонгосын Үндэсний сансар судлалын хөгжлийн хорооны тэргүүн тус улс газрын гадаргыг судлах зориулалттай өөрийн хиймэл дагуул бүтээх ажлаа дуусгаж, удахгүй хөөргөх гэж буйг мэдээлсэн юм. Мөн энхийн зорилгоор сансрын технологи эзэмших нь тус улсын бүрэн эрх гэдгийг Умард Солонгосын “КСNА” агентлагаас мэдэгдсэн байна. Пуужинг тус улсын Хөдөлмөрийн нам байгуулагдсан ойн өдөр буюу ирэх аравдугаар сарын 2-ны өдөр хөөргөх бололтой.
С.Ням

Сэтгэгдэл (0)