Япон улс гадаадад зэвсэгт хүчнээ ашиглах эрхээ хуульчиллаа
- 2015-09-22
- Дэлхий
- 0

Японы парламентын дээд танхимийн гишүүд тус улсын Зэвсэгт хүчнийг хилийн чанад ашиглахыг зөвшөөрсөн хуулийг өнгөрсөн бямба гаригт баталжээ. Хуулийн төслийг парламентын доод танхимийн гишүүд өнгөрсөн долдугаар сар баталсан тул дээд танхим баталснаар хүчин төгөлдөр болж буй юм. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тус хууль иргэдийн амьдралын хэв маягийг хамгаалах, зэвсэгт мөргөлдөөнөөс сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай гэдгийг мэдэгдсэн байна. Мөн уг хуулийн утга санаа, агуулгыг олон нийтэд тайлбарлахын тулд тууштай ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн аж. Шинэ хуулиар тус улсад аль нэг этгээд халдаагүй ч өөрийгөө хамгаалах хүчинг(Японы арми) холбоотон орныг хамгаалахад ашиглах боломжтой.
Гэхдээ хуульд хэд хэдэн болзол тусгажээ. Тухайлбал, Зэвсэгт хүчнээ ашиглахаас өөр боломжгүй, тухайн зөрчилдөөн Япон орон цаашид оршин тогтнох, ард иргэдийх нь амьд явах эрх, эх чөлөө эрсдэлд орох зэрэг бодитой аюул заналхийлсэн байх ёстой. Шинэ хуулийг хэлэлцэх явцад парламентын гишүүдийн дунд ширүүн хэлэлцүүлэг өрнөж, сөрөг хүчний гишүүд санал хураалтад саад хийхийг оролдсон юм. Харин эрх баригч намынхан тусгай хорооны тэргүүнийг хүрээлж, санал хураах үйл ажиллагаа эхэлснийг зарлах боломж олгосон аж. Шинэ хуулийг батлах үеэр парламентын гадаа олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөжээ. Эсэргүүцэгчид шинэ хууль Японы Үндсэн хуулийн энхийг эрхэмлэсэн үзэл санааг зөрчиж, тус улсыг дахин дайнд татан оролцуулахад хүргэнэ гэж дүгнэсэн байна.
Харин хуулийг санаачилж, батлуулсан эвслийн тэргүүн Ерөнхий сайд Шинзо Абэ Япон орон Хятадын зүгээс ирж болзошгүй аюул заналхийлэлд бэлтгэж, энхийг сахиулах үйл ажиллагаанд хүчин зүтгэх хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлдэг. Японы Засгийн газрын шинэ алхмыг Хятад, Өмнөд Солонгосын эрх баригчид буруушаасан бол АНУ дэмжсэн байр сууриа илэрхийлжээ. Япон улс Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдаж, АНУ-д эзлэгдсэнийхээ дараа энхийг эрхэмлэсэн Үндсэн хууль баталсан юм. Уг хуулийн дагуу Япон улс олон улсын маргааныг цэрэг зэвсгийн хүчээр шийдвэрлэхээс татгалзсан билээ.
Д.Болд

Сэтгэгдэл (5)
(150.129.140.144)
Yahab hyatadiig ter talaas ni bid ene habias ni blgood uguh zam mur neegdjee
Билэгт (112.72.13.125)
Хятад, Солонгос хоёр айж л байгаа байх даа.
(182.160.41.162)
Одоо Япон арал нь живээд эхлэхээр хөрш улсуудаа эзлэн авах эрхтэй болоо гэсэн үг
(49.0.161.47)
Хн, хэнтэй байлдах гээ вэ?
Bat (122.254.127.81)
Эдийн засгаа сэргээж батлан хамгаалах болон гадаадад байлдах чадалтай болох юмсан даа