Освенцимийн хорих газарт ажиллаж байсан эмэгтэйг шүүнэ
- 2015-09-23
- Дэлхий
- 0

Дэлхийн хоёрдугаар дайны үед Освенцимийн хорих газарт ажиллаж байсан өдгөө 91 настай эмэгтэйг 260 мянган еврей гаралтай иргэнийг хөнөөхөд оролцсон хэрэгт буруутган мөрдөн шалгаж буйг Германы DPA агентлагаас мэдээлжээ. Освенцимийн хорих газарт цахилгаан холбооны залгагчаар ажиллаж байхдаа бүсгүй 21 нас хүрээгүй байсан тул түүний хэргийг багахан хэрэг зөрчил шалгадаг шүүхэээр хэлэлцэх аж. Мөн Германы хойд хэсэгт орших Кийл хотын шүүх энэ хэргийг ирэх онд хэлэлцэх эсэхээ эмэгтэйн эрүүл мэндийн байдлыг харгалзсаны үндсэн дээр шийдвэрлэнэ гэдгийг хотын ерөнхий прокурор мэдэгджээ. Эмэгтэйг 1944 оны дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд хорих газарт болсон үйл явдалтай холбоотой хэмээн үзэж яллахаар зэхэж буйг прокурор өгүүлсэн байна. Энэхүү гурван сарын хугацаа нь Унгараас ирсэн еврей гаралтай иргэдийг үйл олноор нь хорт хийгээр хөнөөсөн үйл явдал өрнөсөн цаг үетэй таарчээ. Мөн өнгөрсөн зургадугаар сард СС-ийн офицер асан одоо 94 настай Оскар Гронингэд Унгарын 300 мянган еврей гаралтай иргэнийг 1944 оны тавдугаар сараас долдугаар сарын хооронд хөнөөсөн хэрэгт оролцсон гэх үндэслэлээр шүүхээс дөрвөн жил хорих ял оноосон юм. Тухайн үед Оскар Гронинг Освенцимийн хорих газарт нягтлангаар ажиллаж, амь насаа алдсан иргэдээс хураасан мөнгө, үнэт эдлэлийг бүртгэж Берлинд илгээх ажлыг хариуцдаг байж. Гитлерийн Германтай холбоотны харилцаатай байсан Унгарын тал Берлиний эрх баригчдын шаардлагын дагуу еврей гаралтай иргэдийг заль мэх хэрэглэх, хууль сахиулах байгууллагуудын оролцоотойгоор албадах зэрэг арга хэрэглэн Германд шилжүүлэн өгөх ажил, тус улсын иргэд идэвхтэй оролцож, үлдсэн эд хөрөнгийг нь өөрийн болгосон түүхтэй. Освенцимийн хорих газрыг Зөвлөлтийн цэрэг чөлөөлөх хүртэл 1940-1945 оны хооронд тус газарт 1.1 сая хүн амь насаа алдсаны олонх нь еврей гаралтай иргэд байсан юм.
Ж.Ням

Сэтгэгдэл (0)