В.Путин: Өнгөт хувьсгал зохион байгуулахыг хүлээн зөвшөөрөхгүй

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ойн 70 дугаар чуулганд оролцохоор Нью-Йорк хотыг зорихынхоо өмнө Америкийн CBS телевизэд өгсөн ярилцлагаас товчлон хүргэе. 

 

-Та НҮБ-ын индрээс үг хэлнэ. Дэлхий дахинд хандаж юу хэлэх гэж байна вэ?

 

-Намайг НҮБ-д илтгэл тавихаас өмнө энэ ярилцлага гарах тул хэлэх үгээ урьдчилан тайлбарлах нь зохисгүй ч би НҮБ-ын түүхийг эргэн дурсана. НҮБ-ыг байгуулах шийдвэрийг ЗХУ-д Ялта хотноо болсон бага хурлын үеэр гаргасан. ЗХУ болон түүнийг орыг залгамжлагч Орос улс бол НҮБ- ыг үндэслэн байгуулагч, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн юм. Гэхдээ өнөө үе, олон улсын амьдрал хэрхэн өрнөж буй болон НҮБ бол дэлхий дахинд энхтайвныг сахин хамгаалах үүрэгтэй цорын ганц байгууллага хэвээрээ гэдгийг хэлэх нь зүйтэй. Мөн НҮБ хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд зохицох ёстой ба бид энэ байгууллагыг хэр хурдан шинэчлэх шаардлагатай, чанарын ямар өөрчлөлт гарах ёстой зэрэг сэдвээр байнга хэлэлцүүлэг өрнүүлдэг. Тиймээс энэхүү дэлхийн индрийг ашиглан олон улсын харилцаа, энэ байгууллага болон дэлхийн хамтын нийгэмлэгийн ирээдүйн талаарх Оросын төсөөллийг тайлбарлахаас өөр аргагүй юм. 

 

-Таныг “Исламын улс” бүлэглэлийн аюул занал, оросууд Сирид очсон, энэ нь уг бүлэглэлтэй холбоотой эсэх талаар ярина хэмээн хүлээж байна. Оросууд Сирид байгаагийн зорилго болон энэ нь “Исламын улс”-тай тэмцэх үйл ажиллагаатай ямар холбоотой вэ?

 

-НҮБ-ын индрээс үг хэлэх бүх хүн ийм тэмцэл хийх шаардлагатайг хэлнэ гэдэгт итгэлтэй байна. Иймд би ч гэсэн энэ сэдвээс зайлсхийх аргагүй. Энэ бол бид бүхэнд заналхийлсэн ноцтой аюул, сорилт юм. Алан хядах ажиллагаа өнөө үед олон улс оронд нүүрлэж, тэдний үйлдлээс болж хэдэн зуун мянга, олон сая хүн зовлон зүдгүүр туулж байна. Иймээс энэ гай зовлонгийн эсрэг хүчээ нэгтгэх зорилт бидний өмнө тулгарлаа. Оросууд Сирид байгаа гэдгийн хувьд бид Сирийн Засгийн газарт зэвсэг нийлүүлж, цэргийн албан хаагчдыг нь сургах, ард түмэнд нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Бид НҮБ-ын дүрэм буюу олон улсын эрх зүйн үндсэн зарчмуудыг эш болгон ажилладаг. Үүний дагуу цэрэг зэвсгийн болон бусад тусламжийг аливаа улсын зөвхөн хууль ёсны Засгийн газар юмуу тэдний хүсэлт, зөвшөөрлийн дагуу эсвэл Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр олгох зарчим үйлчилдэг. Энэ удаад бид Сирийн Засгийн газраас цэрэг, техникийн тусламж үзүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч, олон улсын хууль журмын дагуу байгуулсан гэрээний үүргээ биелүүлж байна.

 

-Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри “Исламын улс”-тай хийж буй тэмцэлд дэмжлэг үзүүлж буйд талархлаа илэрхийлсэн. Гэвч нэг хэсэг нь эдгээр нисэх онгоц, агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгсэл нь салан тусгаарлагчдын эсрэг хэрэглэдэг биш харин ердийн армийн эсрэг ашигладаг зэвсэг гэж үздэг?

 

-Тэнд зөвхөн нэг л хууль ёсны арми бий. Энэ бол Ерөнхийлөгч Б.Асадын удирдлага доорх арми. Мөн манай түнш зарим орон энэхүү армийн эсрэг сөрөг хүчин тэмцэж байна гэж үздэг. Гэвч бодит байдал дээр Б.Асадын арми алан хядах байгууллагуудтай тэмцэж байна. АНУ-ын Сенатад тусгай хэлэлцүүлэг болж, Пентагоны төлөөлөгчид сөрөг хүчний байлдагчдыг бэлтгэх ажлын талаар илтгэл тавьсныг та надаас илүү мэдэх байх. Энэ ажлын хүрээнд эхний ээлжид 5-6 мянган зэвсэгт дайчин бэлтгэх зорилт тавьсан бол дараа нь энэ тоо 12 мянга болж өссөн. Гэвч үнэн хэрэгтээ ердөө 60 зэвсэгт дайчин бэлтгэснээс дөрөв юмуу тав нь байлдаж, бусад нь Америкаас олгосон зэвсэг хэрэгслээ аваад “Исламын улс” бүлэглэлд элссэн билээ. Хууль бус байгууллагуудад цэргийн тусламж үзүүлэх нь олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрэмд харш үйлдэл юм. Бид зөвхөн хууль ёсны Засгийн газарт дэмжлэг үзүүлдэг. Үүнтэй холбоотойгоор бид бүс нутгийн орнуудыг хамтран ажиллахыг уриалж, үйл ажиллагаагаа зохицуулах тусгай төв бий болгохыг оролдож байна. Би Туркийн Ерөнхийлөгч, Иордан, Саудын Арабын хаадад энэ тухай тайлбарлалаа. Мөн АНУ-д энэ тухай мэдээлэл өгч, ноён Ж.Керри манай Гадаад хэргийн сайд С.Лавровтай нухацтай ярилцсан. Хоорондоо хэлхээ холбоотой байдаг хоёр орны цэргийнхэн энэ асуудлыг хэлэлцэж байна. Бид алан хядагчидтай тэмцэх нэгдмэл платформтой болж чадвал баяртай хүлээн авна.

 

-Та “Исламын улс”-ын эсрэг тэмцэж буй АНУ-тай нэгдэхэд бэлэн үү. Зарим нь танай зорилт бол Б.Асадын засгийг хадгалж үлдэх гэж үздэг. Асад Засгийн газрын хувьд дайны үйл явц ашиггүйгээр эргэж, байр сууриа алдаж байна. оросууд Сирид байгаа нь Б.Асадыг засгийн эрхэнд үлдээх зорилготой юу?

 

-Тийм. Үүний эсрэг буюу хууль ёсны засаг захиргааны бүтцийг нураах үйл ажиллагаа явуулбал бид бусад бүс нутагт, тухайлбал Ливид төр засгийн бүх бүтцийг үгүй хийсэнтэй адил нөхцөл бий болгох эрсдэлтэй. Иракт үүнтэй адил нөхцөл байдал бүрдсэн. Сирийн хямралыг шийдвэрлэхийн тулд одоо үйл ажиллагаа явуулж буй хууль ёсны засгийг бэхжүүлж, алан хядах үйл ажиллагаатай тэмцэхэд нь туслахаас өөр аргагүй. Гэхдээ энэ засгийнханд сөрөг хүчний эрүүл саруул хүчинтэй яриа хэлэлцээр хийж, улс төрийн шинэчлэл хийх сэдэл бий болгох хэрэгтэй.

 

-Орос цөмийн зэвсэгтэй улсын хувьд дэлхийд тэргүүлэх орнуудын нэг юм. Та бүгд бол ойшоохгүй байх аргагүй хүч мөн үү?

 

-Тийм биш бол бид яах гэж ийм зэвсэг эзэмших билээ. Украин тусдаа том асуудал. Энэ бол бидний хувьд ойр дотно орон. Украин бол манай ах дүү орон. Энэ бол зүгээр нэг славян гаралтай гэхээсээ илүү оросуудад хамгийн ойр ард түмэн. Хэл нь ойролцоо, соёл, түүх, шашин гээд олон нийтлэг зүйл бий. Бидний хувьд юуг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг хэлье. Хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсуудад дотоодын улс төрийн шалтгаантай болон бусад маргаантай асуудлыг өнгөт хувьсгал, төрийн эргэлт зохион байгуулах, хууль бусаар төр, засгийнх нь удирдлагыг солихыг хүлээн зөвшөөрөхгүй. АНУ дахь манай түншүүд Ерөнхийлөгч В.Януковичийг төрийн эрхээс татан буулгахыг дэмжиж байснаа нуудаггүй.

 

-Та В.Януковичийг засгийн эрхээс түлхэн унагасан хэрэгт АНУ холбоотой гэж үздэг үү? -Би үүнийг маш сайн мэдэж байна. -Та үүнийг хаанаас олж мэдсэн бэ?

 

-Маш амархан. Бид Украинд амьдарч буй хүмүүстэй хэдэн мянган хэлхээ холбоогоор хоорондоо холбогдсон. Тиймээс хэн, хэзээ, хаана хэнтэй уулзаж, В.Януковичийг түлхэн унагасан хүмүүстэй хамтран ажилласан, тэднийг хэрхэн дэмжиж, ямар хөлс өгсөн болон тэднийг хаана, аль улсад бэлтгэж, ямар байгууллагууд үүнд оролцсоныг би сайн мэднэ. Америкууд ч үүнийгээ нуухаа больсон.

 

-Та Украины бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг үү?

 

-Мэдээж хэрэг. Гэхдээ бусад орон ч гэсэн нэгийнхээ, тухайлбал Украины бүрэн эрхт байдлыг хүндэтгээсэй гэж хүсдэг. Бүрэн эрхт байдлыг хүндэтгэнэ гэдэг нь төрийн эргэлт, Үндсэн хуулийн эсрэг үйлдэл гаргуулахгүй байх, хууль ёсны эрх баригчдыг түлхэн унагахгүй байхыг хэлнэ. 

 

-Оросын цэрэг Украины хил дээр байгаа тухай олон хүн ярьдаг. Зарим нь Оросын цэргүүд бүр хөрш орныхоо нутагт орсон гэж үздэг?

 

-Танай улсын цэрэг Европт байдаг уу?

 

-Тийм.

 

-Европт АНУ-ын тактикийн цөмийн зэвсэг байдгийг мартаж болохгүй. Энэ юу гэсэн үг вэ. Танай улс Герман улсыг эзлэн түрэмгийлсэн гэсэн үг үү эсвэл өмнө нь тус улсыг эзэлсэн цэргээ НАТО- гийн цэргийн хүч болгон өөрчилсөн гэсэн үг үү. Гэтэл манай улс өөрийн газар нутаг дээрээ хөрш орныхоо ойролцоо цэргээ байршуулахад та нар үүнийг гэмт хэрэг хэмээн үзэж байна уу. 

 

-АНУ-д таны тухай их ярьдаг?

 

-Өөр хийх зүйл байдаггүй юм уу?

 

-Бид их сониуч хүмүүс байж болох юм. Эсвэл та их сонирхолтой хүн болохоор тэр үү. Эхлээд та КГБ-д ажиллаж байгаад Санкт-Петербургт улс төрийн амьдралд хөл тавьж, хотын захирагчийн орлогч болсныхоо дараа Москва руу шилжсэн. Хүмүүс цээж нүцгэн морь унан давхиж яваа зургийг тань хараад энэ хүн хүчирхэг эрийн дүр бүтээж байна гэдэг. Та ажилдаа дуртай, Орос орныг төлөөлөх нь танд таалагддаг. Мөн гадаад тагнуулд ажиллаж байсан болохоор таны ажил бол бусдыг “унших” гэж би ойлгодог?

 

-Миний ажил байсан. Гэхдээ өөр ажил хийдэг болоод удаж байна

 

Орост байхад хэн нэг нь надад хуучин КГБ-ийн ажилтан гэж байдаггүй гэсэн ойлголтын тухай ярьсан.

 

-Хүний амьдралд ул мөргүй өнгөрдөг үе гэж байдаггүй. Бид юу ч хийж, эрхэлж байсан тухайн мэдлэг туршлага нь үлдэж, бид түүнийгээ цаашид ямар нэг хэлбэрээр ашигладаг тул үүний хувьд таны зөв.

 

-ТТГ-ын ажилтнуудын нэг нь таныг маш чухал чадвартай гэдгийг надад ярьсан. Та бусдыг өөртөө татах чадвартай ба үүнийгээ их сайн хийдэг гэсэн?

 

-ТТГ-ынхан танд тэгж хэлсэн бол тийм байх. Тэд сайн мэргэжилтнүүд.

 

-Орос дахь таны нэр хүндэд ямар ч улстөрч атаархаж болохуйц байдаг. Та яаж ийм нэр хүндтэй байдаг вэ?

 

-Намайг болон Оросын ард түмнийг нэгтгэдэг нэг зүйл байдаг. Тэр нь эх орноо хайрлах сэтгэл юм.

 

-Дэлхийн хоёрдугаар дайны 70 жилийн ойн арга хэмжээний үеэр та бүгд амь насаа алдагсдаа дурссан. Тэр үед нэг дүр зураг бидний сэтгэлийг хөдөлгөсөн билээ. Та аавынхаа гэрэл зургийг гартаа бариад нүдэндээ нулимстай зогсч байсан?

 

-Тийм ээ, гэр бүл, төрөл төрөгсөд минь их гарз хохирол амссан. Аав минь эхээсээ ах, дүү тавуулаа байснаас дөрөв нь дайнд амь үрэгдсэн. Ээжийн хувьд мөн адил дүр зураг харагддаг. Орос орон маш их хохирол амссан. Бид энэ бүхнийг мартаж болохгүй ба хэн нэгнийг буруутгах зорилгоор бус харин ийм явдал дахин гаргуулахгүйн тулд мартах ёсгүй. 

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • Бат (182.160.36.162)

    2015-09-30

    АНУ-д Орос асар хүчтэйгээ, хятад асар их мөнгөтэйгээ харууллаа. Энэ хоёр нэгдвэл хэн болох вэ.

  • БАТ (182.160.36.162)

    2015-09-30

    АНУ, дэлхийн парламентад тэрээр үгээ хэллээ. Хэн нь хэн бэ гэдгийг тэр маш тодорхой хэллээ. ҮНЭХЭЭР ХҮЧИРХЭГ ХҮН БОЛ ПУТИН.

  • Зочин (43.242.243.114)

    2015-09-29

    Тиймээ бас ийм Ерөнхийлөгчтэй Орост англосаксончууд атаархахаас өөр яахав.

  • Зочин (43.242.243.114)

    2015-09-29

    Маш ухаалаг, чадвартай, шулуун шударга. Жинхэнэ лидер гэж Путинийг л хэлэх байх. Ийм Ерөнхийлөгчтэй улс, ард түмэн бахархахаас өөр яахав.

  • unshigch (85.225.221.50)

    2015-09-29

    Mundag eronhiilogch yumaa.Putinees jaahan Ch gesen zviliig suraltsdaggvi yum bhdaa manai boorinhiilogch....

  • зочин (103.26.195.170)

    2015-09-29

    ийм ерөнхийлөгчтэй улс,ард түмэн бахархахаас яахав