Египетийн шүүх Х.Мубаракийн хүүхдүүдийг суллахаар болов

 

        Египетийн шүүхээс Ерөнхийлөгч асан Х.Мубаракийн хоёр хүүг суллахаар шийдвэрлэжээ. Ерөнхийлөгч Х.Мубаракийг албан тушаалаасаа огцорсноос хоёр сарын дараа буюу 2011 оны дөрөвдүгээр сард Аля болон Гамаль Мубарак нарыг баривчилж шүүсэн билээ. Тэднийг төрийн сангийн хөрөнгийг их хэмжээгээр шамшигдуулсан хэрэгт буруутгасан. Тэдэнд энэ оны тавдугаар сард болсон шүүх хурлаар гурван жил хорьж, 125 сая египет фунт (16 сая ам.доллар) төлүүлэх ял оноосон юм. Мөн Ерөнхийлөгчийн ордныг сэргээн засварлахад зарцуулсан 21 сая египет фунтийг (2.5 сая ам.доллар) төрийн санд эргүүлэн төлөхийг үүрэг болгожээ. Х.Мубаракийн хүүхдүүд эдгээр төлбөрийг өмнө нь барагдуулсан тул шүүхээс тэдний урьдчилан саатуулах байранд хоригдсон хугацааг харгалзан суллахаар шийдвэрлэсэн байна. Одоо 87 настай Х.Мубарак гуч гаруй жилийн турш Египет орныг удирдсан юм. Харин 2011 онд олныг хамарсан эсэргүүцлийн үйл ажиллагааны үр дүнд түүнийг засгийн эрхээс түлхэн унагасан билээ. Удалгүй Х.Мубаракийг баривчилж, авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, эсэргүүцлийн жагсаалд оролцогсдыг хөнөөсөн хэрэгт буруутган ялласан юм. Шүүхээс энэ оны тавдугаар сард Ерөнхийлөгч асан Х.Мубаракт гурван жил хорих ял оноожээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)