Канад улс “Исламын улс”-ыг бөмбөгдөхөө зогсооно

 

        Канадын шинэ Ерөнхий сайд Жастин Трюдо тус улс Сири, Иракийн нутаг дахь “Исламын улс” бүлэглэлийн байршлыг бөмбөгдөх ажиллагаанаас гарна гэдгийг мэдэгджээ. Тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр канад нисгэгчдийг нутагтаа буцааж татна гэдгээ амласан аж. Гэсэн ч Канадын цэргийн сургагчид Иракийн хойд хэсэгт үлдэх гэнэ. Мөн Ерөнхий сайд Жастин Трюдо Сириэс гаралтай 25 мянган цагаач иргэнийг энэ ондоо багтааж нутагтаа хүлээн авна гэдгээ амласан байна. Харин түүний өмнө Ерөнхий сайдын алба хашиж байсан С.Харпер ийм амлалт өгсөн хэрнээ хожим нь хэлсэн үгээсээ буцжээ. С.Харпер тэргүүтэй Канадын Засгийн газар 2014 оны аравдугаар сард “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх шийдвэр гаргасан байна. Энэ ажлынхаа хүрээнд “F-18” сөнөөгч онгоц зургаа, тагнуулын “CP-140 Aurora” онгоц хоёр, нисэх онгоцны шатахуун цэнэглэгч “Airbus СС-150 Polaris” онгоц нэгийг нисэх бүрэлдэхүүний хамт илгээснээс гадна 600 цэргийн албан хаагч нь тус бүс нутагт очсон байна. Канадын цэргийнхэн Кувейт дэх цэргийн баазад байрласан бол цэргийн сургагч 70 мэргэжилтэн Иракийн цэргийнхэн болон курдын зэвсэгт дайчдыг сургаж буй юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)